Монгол улсын ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгээс хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд энэ сарын 12-ны өдөр “Өөрчлөгдөж буй нийгмийн адилсал, интеграци ба задралын үйл явц” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Тус Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, Франц улс, Монголын 20 гаруй эрдэмтэд илтгэл хэлэлцүүлэв.
Хуралд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал, академич Г.Чулуунбаатар “Монголын нийгмийн адилсал ба хөгжлийн гарц”; доктор (Sc.D), профессор А.С.Железняков “Шинэ туйлт ертөнцийн төлөвшил”; Доктор (Ph.D) П.Цэрэнбазар “Монголын залуучуудын амьдралын хэв маяг, тодорхойлогч хүчин зүйлс”; ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Социологийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Ц.Цэцэнбилэг “Нийгмийн адилсал, интеграци, задралын уялдаа холбоо, өөрчлөлтийг судлах нь”; Буриадын Улсын Их сургуулийн Нийгмийн ажлын онолын тэнхмийн ахлах багш, доктор (Ph.D) А.З.Бадмаев “Монголын орчин үеийн залуучуудын адилсал ба Оросын дүр төрх”; В.Родионов “Монголын ардчиллын адилсал: гадаад хүчин зүйлс”; Франц улсын Парис 10 Их сургуулийн судлаач Хелен Салан де Кертэнгуэ “Монголчуудын сэтгэлгээний асуудалд”; докторант Ж.Батжаргал “Өөрчлөгдөж буй нийгэм дэх эмэгтэйчүүдийн хөрөнгийн эрхийн байдал (гэр хорооллын айл өрхийн жишээн дээр)”; МУБИС-ийн багш, доктор (Ph.D) С.Түмэндэлгэр “Хөдөлмөрийн харилцаан дахь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал”; ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ё.Ундрал “Монгол дахь тэгш бус байдал, оролцоо ба гадуурхал” зэрэг сэдэвт сүүлийн үеийн судалгааны шинэ үр дүн бүхий илтгэл тавьж оролцсон юм.