Монголын оюунлаг эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбоо, Шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухааны Академи болон холбогдох байгууллагууд хамтран “Инновацийн хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүд” уриан дор “Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн II чуулган”-ыг 5 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.
Тус хуралд нийслэл, аймаг, орон нутгийн эрдэмтэн эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 800 гаруй эрдэмтэд хүрэлцэн ирж оролцсон юм. Чуулганы нээлтэд БШУ-ны Сайд Л.Гантөмөр, МОЭЭХ-ны тэргүүн Ж.Оюун, Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар оролцов.
Чуулганы үеэр ШУА-ийн Дээд шагнал “Хубилай хаан” медалиар ШУА-ийн Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийн захирал, академич А.Дулмааг шагналаа. Түүнчлэн МОЭЭХ-ийн зүгээс шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад эрдэмтдээ шагнаж урамшуулсан юм.
Чуулганаар МОЭЭХ-ны гүйцэтгэх захирал Б.Буянчимэг “Монголын эмэгтэй эрдэмтдийн түүхэн замнал” сэдвээр, ШУСЭЭХ-ны гүйцэтгэх захирал Б.Ганцэцэг “Инновацийн хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавив. Мөн энэ үеэр шинжлэх ухааны салбарт олон жил ажиллаж, хувь нэмрээ оруулсан ахмад эрдэмтдийг харуулсан “Монголын эрдэмтэн эмэгтэйчүүд” баримтат киноны нээлтийн ажиллагаа болсон юм.