Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ СУДЛААЧИД ЧУУЛАВ
МОНГОЛ СУДЛААЧИД ЧУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал болж өнгөрлөө.
Анх 1959 онд зохион байгуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурлаас үүдэлтэй энэхүү их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал зэрэг түүх нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар өнөөдөр XII их хурлаа хийж байна. Энэ удаагийн Монголч эрдэмтний их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач оролцож, монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг, утга зохиол, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг хэлэлцүүллээ. Монгол судлал дэлхий дахинаа эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай үнэн бодит мэдлэг мэдээлэл хүн төрөлхтний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл улам бүр өсөн бэхжиж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, хавсарга байдлаар судалгаа эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар үйл ажиллагаа эрхэлж байна. Цаашид монголч эрдэмтдийг гадагш алдах урсгал буюу “brain drain”-ыг сааруулж, “brain gain” болгон хувиргах, гадаадад буй эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг буй болгоно гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ онцлов.

Энэ үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ "Олон улсын монголч эрдэмтний 12  дахь Их хурал цар тахал болон бусад шалтгааны улмаас хойшилсоор нар хур тэгширсэн зуны адаг сарын 23-ны билигт сайн өдөр эхэлж, уламжлалт монгол судлалын зэрэгцээ найман зууны тэртээ Их эзэн Чингис хааны тунхаглан зарлаж байсан  даян дэлхийн энх амгаланг цогцлоох тухай өнөө цагт нэн тулгамдсан  асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа нь  хүн төрөлхтний хийгээд монгол түмний хувьд, тэр тусмаа Олон улсын монгол судлалын тухайд онцгой ач холбогдол бүхий түүхэн чухал үйл явдал болж байна.

1959 оноос  анх монгол хэл бичгийн эрдэмтний их хурал нэрээр эхэлж, 1970 оноос  монголч эрдэмтний их хурал хэмээн нэрлэгдэх болсноос хойш 11 удаа болж буй монголч мэргэдийн их чуулган  бүрд 15-36 орны эрдэмтэд оролцож, хэлэлцэх асуудлын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлэхийн зэрэгцээ нарийсан гүнзгийрсээр  ирлээ. Ялангуяа, ХХI зуун гарснаас хойш зохион байгуулагдсан их  хурлууд  монголчуудын эдийн засаг, нийгэм, түүх, хэл, соёл, нүүдлийн иргэншлийн хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн болон одоо гүйцэтгэж буй үүрэг, оруулсан хувь нэмрийг өнөөгийн Монгол Улсын хөгжил дэвшил, дэлхий дахины хувьсал өөрчлөлтийн  хандлагатай холбож явуулсан судалгааны үр дүнгүүдийг  шинжлэх ухааны гүнзгий үндэстэй шүүн хэлэлцдэг болсон нь Монгол судлал дахь шинэлэг хандлага юмаа.

Энэ хандлага нь Монгол судлал дэлхийн хэмжээний салбар дундын шинжлэх ухаан, судалгаа-хөгжүүлэлтийн өрган талбар  болон өргөжиж, “Монгол судлалын олимп” хэмээн өргөмжлөгдөх хэмжээнд Олон улсын монголч эрдэмтний их хурлын ач холбогдол,  нэр хүнд нь  өсөж, Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын оюун санааны нэг гол хүчин зүйл болсныг нотолж байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор хийж буй энэ удаагийн ээлжит их хурал  хүн төрөлхтний түүхэн дэх  “Монголын Их амар амгалан”\Pax Mongolica \ хэмээн мэргэдийн нэрлэдэг Их эзэн Чингис хааны үзэл санаа, төрийн алсын хараатай,  уужим талбиун  бодлогын үнэ цэнэ, туршлага сургамжийг хэлэлцэн тодруулж, түүнийг дэлхий дахин, бүс нутгуудад үүсээд буй өнөөгийн нэн түгшүүртэй нөхцөл байдлыг намжаах хийгээд улмаар даян дэлхийд бат бэх энх тайвныг тогтоох үйлсэд  ашиглах боломж, арга замын тухай шүүн ярилцах гэж байгаа нь үнэхээр цаг үеэ олсон шийдэл юм. 

Монгол судлалыг даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбож хөгжүүлэх асуудлыг ярилцсан ХI их хурлаас хойших хугацаанд манай монгол судлаачид үндэсний хийгээд олон улсын Монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд ахиц дэвшил авчирсан олон ажил хийж гүйцэтгэснийг энэхүү хурлын хүндэт индрээс зориуд тэмдэглэн хэлэх нь зөв байх хэмээн бодож байна. 

            Монгол хэл шинжлэл, утга зохиол судлал бүхий л чиглэлээр гүнзгийрэн хөгжиж,  монгол хэлний олон салбарыг бүхэлд нь хамарсан 15 боть,  “Монгол утга зохиолын нэвтэрхий толь бичиг” 3 боть зэрэг олон бүтээл гарч, судалгааны эргэлтэд ороод байна. Монгол нэр томьёо оноон тогтоож ирсэн уламжлал, зарчим, тогтолцоог боловсронгуй болгох ажил үргэлжилж,  шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь  бүтээж,  нийтийн хэрэглээнд  шилжүүлээ.

Монголын археологийн салбарт алдарт Цагаан агуйн дурсгалын шинэ  малтлагаар Монгол нутагт аж төрж байсан  эртний хүний үед амьдарч байгаад мөхөж устсан амьтны хэд хэдэн төрлийг илрүүлж, судалгааны үр дүнг олон улсад зарлав. Салхитаас олдсон эртний хүний генийн мэдээллийг  тайлж, 39 мянган жилийн тэртээд амьдарч байсан эмэгтэй болохыг тогтоон “Science” сэтгүүлд хэвлүүлээд байна. Хүннүгийн язгууртны булш, оршуулгын малтлагын үр дүн 2019 оны Дэлхийн археологийн 10 шилдэг нээлтийн нэг болж, Хүннү гүрний шаньюйн орд өргөөний туурь, эртний Түрэгийн Элтерес Кутлуг хааны тахилын онгоныг нээж, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хоттой нэгэн цаг үед зэрэгцэн оршиж байсан “Хааны хот”-ыг илрүүлэн судалж байна.

            Монголын  түүхийн судалгаа  бүхий л үеэр өргөжин гүнзгийрч, түүхэнд холбогдох бичгийн болон эд өлгийн сурвалжууд эрдэм шинжилгээний эргэлтэд олноор орж,  эртний болон Эзэнт гүрний, мөн Манжийн үе, ойрх үеийн түүхийн суурь судалгаанууд шинэ шатанд хүрч, томоохон суурь бүтээлүүд хэвлэгдэн гарсаар байна.

Эдгээр бааз суурь, судалгааны бусад ололт амжилт, бэлтгэгдсэн хүний нөөц, бий болсон үндэсний чадавхдаа тулгуурлан Монголын түүхийг олон ботиор туурвих ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор эхлүүлэх  болж байгаа талаар сая энэ танхимд Л. Энх-Амгалан сайдын хэлсэн үгэнд эрдэмтэн судлаачдынхаа дунд ажилладаг хүний хувьд би их баярлаж байна. Үнэхээр ийм том ажлыг эхлэх нөхцөл бүрдээд байна.

12 дугаар Их хурал 5 салбар хуралдаанаараа монгол судлалын уламжлалт сонгодог чиглэлүүдийн зэрэгцээ Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль, цааз, гадаад харилцаа, шашин, соёл, оюуны амьдралын хүрээ, нүүдлийн соёл иргэншлийн уламжлал ба шинэчлэл гэсэн   орчин үеийн монгол судлалын өнгө төрх, онцлог, агуулга мөн  чанарыг тодорхойлох  олон арван  сонирхолтой  илтгэлүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцүүлгийн явцад монгол судлалын тухайлсан чиглэлийн эрдэм шинжилгээний ажлын гол үр дүн,  сурвалж хэрэглэгдэхүүн, судалгааныхаа шинэ соргог санаа дүгнэлтүүд, мэдлэг, мэдээлэл, ололт туршлагаа солилцож, олон улсын Монгол судлалыг хөгжлийн нэг шинэ шатанд дэвшүүлэх нь тодорхой.   Монгол судлалын ойрын болон хэтийн зорилтыг  тодорхойлох нь ч зүйн хэрэг.  Бас энэ удаагийн Их хурал энх тайвны асуудалд анхаарлаа хандуулж, бүс нутгуудад үүсээд буй   түшүүртэй байдлыг намжааж,  даян дэлхийд  энх тайвныг бататган бэхжүүлэх үйлсэд “Монголын Их амар амгалан”-гийн үзэл санааны өв сан, туршлага сургамжаас ашиглах боломжийн талаар үнэ цэнтэй санаа оноо олныг дэвшүүлнэ гэдэгт  эргэлзэхгүй байна.

Ийнхүү олон мянган жилийн түүхтэй монгол  туургатны  гал голомт, өлгий нутаг,  тусгаар тогтносон Монгол улсад уламжлал болон зохион байгуулагддаг  олон улсын монголч эрдэмтний Их хурал нь даян дэлхийн өнцөг булан бүрд монголыг судалж, монголчуудын хөгжил, цэцэглэлтийн  төлөө  эрдэм ухаанаа дайчлан цаг наргүй хөдөлмөрлөж байдаг олон зуун эрдэмтэн судлаачийн томоохон хөдөлгөөн болон өргөжсөөр байгааг сэтгэл нэн ханамжтай тэмдэглэж байна.

            Олон улсын монгол судлалыг хөгжүүлж, эх орноо дэлхийн монгол судлалын тэргүүлэх гол төв байлгах түүхэн хариуцлагатай  үйл хэрэгт Монгол Улсын ШУА, түүний эрдэмтэн судлаачид  ямагт хошуучлан оролцогч байх болно гэдгээ бас дахин илэрхийлж, Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэсэн юм. 

Цаашид Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүждэг залуу монгол судлаачдад зориулсан сургалт, ахисан төвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг буй болгож, олон улс дамнасан залуу судлаачдын сүлжээ, хамтын нийгэмлэгийг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна.
 


Бусад мэдээлэл