Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ БУУРАЛ ТИВ БАЗАРЫН ШИРЭНДЭВ
 МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ БУУРАЛ ТИВ БАЗАРЫН ШИРЭНДЭВ

             МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ БУУРАЛ ТИВ БАЗАРЫН ШИРЭНДЭВ


Тэр жилийн намар Эрхүүгийн их сургуулийн 100 жилийн ойд оролцох хувь тохиож билээ. Алс Дорнодын соёл, шинжлэх ухааны гол төв болсон тус сургуулийн ханан дээр Монголын нэрт эрдэмтэн, буурал академич Базарын Ширэндэвийн алтан пайз хадаатай байсныг үзээд өөрийн эрхгүй баяр бахдал төрсөн сөн. Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны шинэ түүхийг бичиж, туурга тусгаар улсынхаа оюун санааны дархлааг тогтоож өгсөн төрийн шагналт, хөдөлмөрийн баатар эл эрхмийг төгсгөснөөрөө Эрхүүгийн Багшийн сургууль бахархдаг байх нь. 

Хоёр жилийн өмнөх урт намрын төгсгөлд Боловсрол, шинжлэх ухаан соёлын сайд Ё.Баатарбилэгийн хамт Хөвсгөл нутагт очиж  мянга мянган багш нарын төлөөлөлтэй уулзахдаа Эрхүүгийн их сургуульд зочилсноо ярьж, та бүхэн агуу их Базарын Ширэндэвийг төрүүлсэн  ард түмэн шүү гэж хэлэхүйд омог бахархлын харц дүүрэн угтсаныг санаж байна. Тийм ээ, нэрт эрдэмтэн тэрээр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор ван Цэдэнсодномын хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр нутгийн хүн. Өөрийгөө “Хангайн хүү” гэж хэлэх дуртай, тийм нэрээр гаргасан ном бүтээл ч байдаг. Түүнийг төрөхөд эцэг нь Нүхтийн хүрээний дацан лам Дамбий цоржид хүүгийнхээ амийг даатган өөрийн хамгийн үнэт хогшил цахиур буугаа бэлэг болгон өгчээ. Зурхайч лам, хүүхэд төрсөн өдрийн одон гариг өнгө мэнгийг үзээд эртний Энэтхэгийн самгарди хэлээр Шридеви, монгол хувилбараар Ширэндэв хэмээх нэр хайрласан гэдэг. Аав нь бичгийн боловсролтой “Үлгэрийн далай”, “Саран хөхөө”, “Гучин хоёр модон хүний үлгэр” зэргийг хүүдээ хэлж өгдөг байсан тухай намтар цадигт нь бий.

Гучин онд Улаанбаатар хотноо ирж намын сургуульд орж дараа нь Буриадын Улаан-Үд хотноо дөнгөж байгуулагдсан Рабфак буюу ажилчны факультетэд очиж суралцжээ. Нөхдийн хамт Улаанбаатараас ачааны тэргээр гарч Хараа Ерөө тосгоныг дайран Алтанбулаг хүрч, тэндээс улсын хилийг даван Троицкосавск хотоос жижиг усан онгоцоор Улаан-Үдэд очсоноо буурал академич дурсах дуртай байж. Манай төр нийгэм урлаг соёлын хожмын томоохон зүтгэлтнүүд болсон Ю.Цэдэнбал, Н.Лхамсүрэн, Э.Оюун, Д.Сэнгээ, Лодойдамба, Раднаабазар нартай хамт сурч байв.  Түүний тухай Цэдэнбал “Нөхөр Ширэндэв нь сурсан мэдсэн зүйлдээ ханахгүйгээр, харин ч мэдлэг чадвараа дээшлүүлж байх нь ажил хийгч хүн бүрийн төмөр мэт хууль хэмээхийг байнга санаж, сурч боловсроход шунамгайгаар зүтгэдэг хүн болой” гэсэн байдаг. Түүнийг дээд мэргэжил эзэмшихэд урам өгсөн нэгэн бол Намын төв хорооны нарийн бичгийн дарга Б.Элдэв-Очир юм. “Та нар орос хэл, тоо, физик, химийг маш сайн сураарай. Бид мэтийн хүмүүс хоцрогдоод дууслаа. Гэхдээ та нар сайд болно гэж горьдоод хэрэггүй. Угаасаа л таван яамтай шүү дээ. Харин боловсролоо сайн эзэмшээрэй” гэж захисан байна.  1937 онд Рабфакийн бүрэн курсыг төгссөн учир Зөвлөлтийн аль нэг дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болов. Ингээд Москва хотноо Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуульд тухайн үеийн Ерөнхий сайд А.Амарын гарын үсэгтэйгээр суралцахаар болтол Зөвлөлтийн нэрт зохиолч Фурмановын гэргий Анна Фурмановагийн хэлснээр Эрхүүгийн багшийн сургуулийн түүхийн ангийн оюутан болжээ. Ингэж XIX зуун XX зууны эхэн үеийн Монголын түүхийг судалсан эрдэмтний хувь заяанд өөрчлөлт орсон юм. Сибирь зөвлөлтөд төдийгүй хилийн чинадад ч эдүгээ судлаач эрдэмтдийн сайн мэдэх “Цагаан ордон” буюу Эрхүү хотын эрдэм шинжилгээний номын сангийн байнгын зочин нь Монголын Ширэндэв болсон. 13 дугаар зуунд Монголын эзэнт гүрнээр аялан явсан П.Карпины, Г.Рубрук, Марко Поло нарын номыг уншиж мөн дорно дахин орнуудын түүний дотор монгол орноор олонтаа аялан судалж хүн төрөлхтний түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн ард түмний баялаг түүхийг судалсан Н.А.Ядринцев, В.В.Ардлов, А.В.Клеменц, Г.Н.Потанин, А.Н.Позднеев нарын зохиол бүтээлтэй танилцаж эхэлжээ.  Сургуулиа төгсөж ирэхэд нь Гэгээрлийн сайд Машлайн хэлсэн ёсоор Улаанбаатар хотын багшийн техникумд түүхийн багшаар томилсон байна. Хичээлийн хөтөлбөрөө боловсруулж байтал засгийн газраас дуудаж Цэдэнбал түүнийг маршал Чойбалсанд танилцуулсны дараа Засгийн газарт гэгээрэл шинжлэх ухаан хариуцсан референтээр томилогджээ. Эндээс л Монголын төрд 40 гаруй жил зүтгэх халаагүй албаа эхэлсэн гэдэг. Ширэндэв радио сониноос мэдээ материал бэлтгэн Ерөнхий сайдын өрөөнд хадаастай байсан зөвлөлтийн баруун фронтын газрын зурагт улаан хөх дарцгаар тэмдэглэгээ хийн Чойбалсанд танилцуулах ба долоо хоногт хоёр удаа БОК намын түүхийн асуудлаар хоёр цагийн хичээлийг Ерөнхий сайдад зааж, зөвлөлтийн уран зохиол киноны агуулгыг тайлбарлан ярьдаг байжээ.

1954-1957 он хүртэл Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор дэвшиж ажилласан. Тавин долоон онд тухайн үеийн ЗСБНХУ-д айлчилсан сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй нам засгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Намын төв хорооны УТТ-ны гишүүн Ерөнхий сайдын орлогчийн хувиар оролцож Хрушевт “Монголын хүн амын дотор нийгмийн халдварт өвчин нэлээн тархмал байна, үүнийг арилгахад тусална уу” хэмээн өчиж байсан удаатай. Улс үндэстний хувьд өргөмжлөгдөн шүтэгдэж байсан Сталин, Чойбалсан нар нас барж, нэг хүнийг тахин шүтэхийн хор холбогдлыг илрүүлэн шүүмжилж арилгах ажил эхэлснээр ардчилал хууль ёсыг сэргээх бололцоо нээгдсэн, үүнд Ширэндэвийн оролцсон үйл явдлыг дурдалгүй өнгөрч болохгүйг түүхийн шинжлэх ухааны доктор Н.Хишигт тэмдэглэсэн нь бий. Энэ нь дотоод яамны улс төрийн хэлмэгдүүлэлт, 1937-1940 оны хооронд Монголын түүхэнд гарсан алдаа завхралыг шалгах комиссыг Ширэндэвээр толгойлуулан 20 хүний гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах тухай УТТ-ны тогтоол юм. 1956 онд байгуулагдсан уг комисс зургаан сарын хугацаанд До яамны бичиг баримттай нарийвчлан танилцах явцад Чойлбалсангийн хадгалж байсан баримт материалтай танилцахыг хүссэн комиссынхны хүсэлтэд материалыг авч хадгалсан Цэдэнбал “улсын нууц” хэмээн үзүүлэхээс татгалзсан тул шалгалтын дүн, үндсэн дүгнэлтийг зөвхөн үзэж танилцсан зүйлийн хэмжээнд гаргасан байдаг. Ингээд тус комиссоос Төв хорооны УТТ-нд “Б.Баасанжав, Ж.Лхүмбэ, Ю.Магсаржав, С.Яндаг, Л.Дэндэв, цэргийн зүтгэлтэн Ш.Дамба, Д.Лувсандоной, Л.Дарьзав, Т.Дашзэвэг, сэтгүүлч өвгөөдэй Дамдинсүрэн нарын 26 хүний хэргийг шүүхээс хэлэлцэн цагаатгах, П.Гэндэн, Дэмид, Ш.Лувсаншарав, Д.Лосол, Д.Догсом зэрэг хүмүүсийн хэргийг ЗХУ-д тасалсан тул ЗХУКН-ын төв хороонд хүсэлт тавин шалгуулж цагаатгах асуудлыг шийдэх зэрэг” санал дүгнэлтийг гаргажээ. Санал дүгнэлтийг УТТ-гоор хэлэлцүүлэхэд Дашийн Дамба цаашид лавшруулан тууштай явуулах чигийг баримталсан бол Цэдэнбал асуудлыг ул суурьтай үзэх нэрийдлээр удаашруулах бодолтой байсныг өөрөө тэмдэглэж үлдээсэн юм.  

 Төв хорооны нарийн бичгийн даргын албыг хашсан он жилүүдэд Ширэндэв шинэ тутам байгуулагдсан Монгол улсын их сургуулийн ректорын ажлыг хавсран гүйцэтгэх болов. Дайны хүнд жилүүд байсан хэдий ч нийгмийн хөгжлийн шаардлагаар төр засгаас боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн онцгой чухал арга хэмжээ бол Сайд нарын зөвлөлийн 1940 оны сүүлээр МУИС-ийг зоотехник, багш, хүний эмчийн гэсэн гурван салбартайгаар Ардыг гэгээрүүлэх яамны харьяанд байгуулж хичээлийг дөчин нэгэн оны есдүгээр сараас нээхээр заасан явдал мөн. Ширэндэв МУИС-ийн хичээлийн байрны нээлт дээр “Өнөөдөр ердийн өдөр биш. Манай их сургуулийн баярын өдөр юм. Бид их сургуулийн шинэ барилгыг эхэлж байна. Бид зүгээр нэг шинэ байшин барьсныг тэмдэглэж байгаа хэрэг биш. Бид их улс төр, соёл түүхийн утгатай явдлыг тэмдэглэж байна. Монголд анхдугаар их сургуулийн барилгыг барьсан нь манай ард түмний соёлын их амжилт бөгөөд ирээдүйн гэгээн замыг нээж байгаа хэрэг, энэ байшингийн тоосго бүхэнд манай ард түмний соёл шинжлэлийг эзэмшихээр зүтгэж буй хүсэл шингэжээ” гэж тэмдэглэсэн байдаг. Ингэж Монгол Улс, Улсын их сургуультай болсон түүхтэй. Эхлээд хэл бичиг, утга соёлын багш бэлтгэх салбар цаашид өргөжин марксизм ленинизмийн үндэс ба философи, улс төр, эдийн засгийн ухаан, түүхийн мөн нийгмийн ухааны факультет болсноос гадна тавиад оны эхээр хими биологийн салбар сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим тус тус байгуулагдсан.

Мөн тэрээр Монголын Шинжлэх ухааны академийг байгуулалцаж анхны ерөнхийлөгчөөр 21 жил ажилласан. Зөвлөлтөд сурч байхдаа Казахстан, Киргизстан цөм ШУА байгуулсныг үзээд маш их атаархсан. Түүнээс санаа авч ШУА-тай болъё гэж санал дэвшүүлж Төв хороонд орсноо ярьсан байдаг. “Академи байгуулахыг зөвшөөрөхгүй улс их олон байсан даа. Хүн бүртэй ганцаарчилж уулзсан. Тэр үед Жагварал бид хоёр л доктор цолтой байсан. ШУА-ийн жинхэнэ гишүүн болгох саналаа Жагваралд би хэлсэн. Ер нь Академийн анхны жинхэнэ гишүүдэд хэн хэнийг сонгох саналыг би гаргасан юм” гэдэг нь жаран нэгэн онд академи байгуулсан үнэн бодит яриа. ШУА-ийг удирдаж байх хугацаанд “Орхон” сортын улаан буудайг тариалах агротехникийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, мал эмнэлгийн талаар малын төрөл бүрийн өвчний улирлын динамикийг судалж, брузелёзоос урьдчилан сэргийлэх оношлогоог боловсруулж, агаруу цэцгийн цус тогтоох чанарыг шинжлэн нээж эмнэлгийн практикт нэвтрүүлэн жодоо модны давирхайнаас “терпентик” гэдэг эм гаргах зэрэг олон ажлыг амжилттай хийсэн байдаг. Мөн Цэрэндэлэг гэж эрдэмтэн Антарктид тивд анх судалгаа хийснээр Монгол Улс туйл судлалын 34 дэх орон болж, монгол хүн анх сансарт ниссэн зэрэг шинжлэх ухаан технологийн ололт нээлтүүдийг түүний үед Монголын эрдэмтэд хийж чадсан. 

 “Ширэндэв бол 20 дугаар зууны Монгол оронд ховорхон заяасан цөөхөн суут хүмүүсийн нэг маргаангүй мөн. Эрдэнэ элэгдэх тусмаа өнгө орно гэдэг. Энэ хүний эрхэм арвин эрдэм ухаан, алдар хүнд эрин зуун улиран одохуй тусам улам улмаар алдаршин тодорноо. Их уст мөрөн дөлгөөн, их эрдэмт мөрөн дөлгөөн гэдэг. Ширэндэв гуай яг тийм хүн. Худгаас усыг нь уусан бол тэр худгийг гаргасан хүний ачийг бүү мартагтун гэдэг. Би Ширэндэв гуайнхаа өгөөмөр нүнжиг ач буяныг хэзээ ч мартах учиргүй. Би хувьдаа Ширэндэв гуайнхаа үед аж төрж амьдарч, ажиллаж яваадаа баярлаж, бахархаж байна. Та бүхэн надтай санал нэг байгаа гэдэгт итгэж байна” хэмээн Бөхийн Бааст гуай Монголын их утга зохиол, эрдэм боловсрол шинжлэх ухаан бичиг соёлын мэргэдээс Ширэндэвийн 85 насны ойгоор ам асуусан удаатай. Бааст гуай гэснээс нэг зүйл санаанд буудаг. Ширэндэв гуайг Индонезэд албан ажлаар явж байхдаа ерөнхийлөгчийнх нь хүндэтгэлийн ёслолд дуулсан тухай яриа. Тодруулбал, Монгол Улс НҮБ-д элсэхэд, НҮБ-ын индрээс анх үг хэлсэн Дондогийн Цэвэгмид гуай, дипломатч Дамдиндорж нартай Ширэндэв гуай Индонезод очиж Сукарно ерөнхийлөгчийн цайллагад уригджээ. Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь Лай гээд Азийн орнуудын нэртэй улстөрчид, диломатчид уригдсан байгаа юм. Цайллага сүүлдээ дуу хуурт, бүжиг наадаантай болж, орон орны төлөөлөгчид авьяасаа үзүүлэн Монголын ээлж ирэхэд “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр Ширэндэв гуай солгой хоолойгоор “Барсын хүчийг биедээ агуулсан байлдах зэвсгийг гартаа барьсан, баатар та нарыг ингээд харахад баясах сэтгэл цээжээр дүүрнэ” хэмээн “Шарай голын гурван хаан” домогт жүжгийн баатруудын хатад ахай нар тэднийгээ магтсан дууг хүчирхэг сайхан дуулсан гэдэг.

1946 онд тусгаар тогтнолын төлөө санал асуулга явуулахад Цэдэнбал, Дамба, Сүрэнжав нарын хамт улсын комиссын орлогч даргаар ажиллаж байсан, дарга нь Бумцэнд гуай. Комиссын орлогч дарга нар хоёр аймаг хариуцаж байсны хувьд Өвөрхангай Баянхонгор аймагт очиж санал асуулгыг удирдсан, мөн одоогийн төрийн соёрхол буюу тухайн үеийн Чойбалсангийн нэрэмжит шагнал олгох комиссын дарга байсан. Б.Ринчен гуайн “Цогт тайж”-аас аваад Э.Оюун, Ч.Ойдов, Д.Сэнгээ, Ш.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Ч.Лодойдамба нарын эрдэмтэн мэргэдэд төрийн шагнал олгох саналыг оруулсан гавьяатан.  Сүүлд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор өөрөө төрийн шагнал авахдаа “Миний ээлж болж л дээ” гэж хэлсэн удаатай.   Тэртээ тавин онд Варшавт болсон Дэлхийн энх тайвны II их хурлаас Монголын төлөөлөгчдийг тэргүүлэх болсон, “Дайны аюулыг зайлуулж, улс түмний энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх тухайн тунхаг”-ийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжсэн ард түмний үгийг ч Ширэндэв гуай илэрхийлсэн гээд Монголын түүхийн амин сүнс болсон бүхий л цаг хугацаа түүнтэй холбогдож, түүний нэр төр, эрдэм чадал, хөлс хүчээр явж ирсэн  нь бахархмаар.

“Өдрийн сонин” “Ардын эрх” байх үе буюу 1998 онд буурал эрдэмтэн Ширэндэвтэй Ч.Болдбаатарын хийсэн сайхан яриа бий. Түүнд 1942 оны өвөл Маршал Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид хойшоо явсныг тодорхой сайхан ярьсан байдаг. “Бид дөрвөн хэсэгтэй явсан. Бумцэнд гуай, Сүрэнжав, Мижид нэг нэг цуваа авч явсан. Маршал ерөнхийд нь удирдана. Тус бүр 50 вагонтой явсан шиг санагдана. Дөрвөн фронтод аваачиж өгсөн. Ц.Дамдинсүрэн бид хоёр сэхээтний төлөөлөгч болж явсан. Гэхдээ би орчуулагчаар давхар ажилласан. Очсон даруйд Сталинградын тулалдаан болж байсан учраас Сталин манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаагүй. Маршал уулзана гэсээр байгаад 1943 он гаргасан юм даг. Г.К.Жуков Сталинградын тулалдааныг дуусгачихаад Москвад дуудагдаад ирчихсэн байсан үе. Хотын захад Чойбалсан гуайн буусан өргөөнд ирж тулалдаан яаж болсон талаар таван цаг хуучилсан. Дараа нь Сталин том хүлээн авалт хийсэн, өөрөө нээж үг хэлсэн, түүний удаад Чойбалсан гуай үг хэлсэн. Дараа нь нэг босоод Сталин, Молотовыг Сүхбаатарын одонгоор шагнаж, Бумцэнд гуай одонг гардуулсан. Сталины кителийг цоолох оонын эврээ аваад дөхтөл Берия энэ юув гээд булаагаад авчихсан. Тэгээд зүүж өгч чадалгүй Сталины гар дээр нь одонгоо өгсөн. Түүний дараа Сүрэнжав их удаан бүр гучаад минут ярилаа. Маршал уурлаад царай нь харлачихсан товчил гээд л байсан. Сталин сүүлд “Нөхрийн чанар ядарсан цагт танигддаг. 1921 онд бид та нарт тусалсан бол 1941 онд та бүхэн бидэнд мөнгө зоосоор хариугаа барьж байна. Бид өнөөдөр монголчуудаас удаан ярихыг сурлаа” гээд хундага өргөсөн. Удаад нь “Бидний яриаг орчуулсан залуугийн төлөө” гээд хундага өргөлөө. Би Ждановын хажууд сууж байсан юм. Жданов “Сталин чиний төлөө хундага өргөлөө, чи юу уух вэ” гэлээ. Би чинь архи ууж огт үзээгүй юм чинь зөөлөн л юм, ус ч байсан яахав гэв. Гэтэл Жданов тэгж болдоггүй юм гээд хундаганд архи хийж өглөө. Би сандрахдаа ханцуй руугаа цалгиултал Бирея харчихаад хундагатай архин дээр коньяк нэмж хийгээд “за уу” гэж шахлаа. Миний дотор халуу шатаад толгой эргээд, ашгүй удсан ч үгүй хүлээн авалт тарлаа, би өрөөндөө очоод бүхлээрээ унтаад өгсөн байсан” хэмээн ярьсан байдаг. Мөн тэрээр XX зууны Монголын түүхийг гаргуун судалсан их эрдэмтний хувьд түүхийг судлах болсноо ийн өгүүлсэн юм.

“Бүх дэлхийн түүхийг ажиглаад байхад XX зууны түүх их сонирхол татам. Өмнөх зуунд гарч байгаагүй тийм их эрс өөрчлөлт гарсан. Хоёр дайн энэ зуунд боллоо. Бүгд найрамдах үзэл түгэн дэлгэрлээ. XX зууны эхээр Азид Турк, Хятад, Монгол  гэсэн гурван бүгд найрамдах улс бий боллоо. Ийм учраас хоёрдугаар зууны түүхийг сонирхож үзье гэж бодсон юм. Тэгээд XIX зууны дундаас XX зууны эхэн үеийн түүхийг судлая гэж Эрхүүг төгсөхдөө бодсон л доо. Реферэнт болоод бүр их сонирхож оролдсон. Чойбалсан намайг олон хүнтэй танилцуулсан. Архив, номын сан үз, хуучин хүмүүстэй уулз гэж зааж өгсөн. Өөрөө ч энэ талаар их юм судалсан хүн байсан. Хуучцуулаас Богдын хамгаалагч хамт шоронд сууж байсан Жамбал зайсан, манж хэлний Дэндэв гүнг зааж өгсөн. Дэндэв манжийн түүхийг сайн мэднэ. Шоронд сууж байсан болгоомжтой харилцаарай гэсэн. Би ч Чойбалсан гуайд албан ёсоор хэлээд Маршал ДЯЯ-нд даалгавар өгчихсөн байсан учраас Дэндэв гуайтай уулзахад саадгүй байсан. Мөн түүхч Навааннамжил, Сайн ноён ханы Магсар хатан, Тогосын шар хатанг зааж өгсөн. Ноёдын гараар дамжсан хамаргүй хөгшин бий. Чи битгийн сэжиглээрэй гэсэн. Тэднээс их ч юм сонсч мэдсэн. Чин Ван Ханддоржийн том охин нь намайг МУИС-д байхад миний өрөөний цэвэрлэгч байсан, түүнтэй ярьж их юм авсан. Хатанбаатарын хүү Сундуйсүрэн энд тэнд архи уугаад явна гэхээр нь МУИС-д жижүүрээр авчихсан. Бүх партизануудтай уулзаж ярилцсан. Ингэж л би бүтээлээ бичсэн хүн шүү” гэжээ.

2012 онд Ширэндэв гуайн 100 жилээр төрсөн эгч Балжиннямынх нь охин, өвөөгөөрөө овоглосон Базарын Загдаа гуайтай уулзаж, гэрт нь очиж хуучилж билээ. Тэрээр Монгол Улсын Сангийн сайдаар олон жил ажилласан Цэндийн Молом гуайн гэр бүлийн хүн. Тийн очиход Молом гуай ануухан сайхан байлаа.  Загдаа гуай ахынхаа тухай олон ном гаргасны дотор “Их хүний тухай бага ном” хэмээн халуун сэтгэлийн маш сайхан бүтээл. Ёстой дахин дахин уншиж баймаар сайхан ном. Загдаа гуай “Ахын маань архивлаж бэлдсэн үнэт бүтээлүүд, ном судар нь архивт очоогүй юм шиг байна лээ. Ер нь хаана байгааг мэдэхгүй байна. 40 мянгатын байрыг нь гадныхан түрээсэлдэг юм гэсэн. Охин Таня нь өнгөрсөн зун (2011 он) ирэхэд нь асуусанд илт дургүй байна лээ” гэж харуусангүй ярьж байв. Тэрээр “Ахын “Хангайн хүү” дурдатгалын ном хэвлэгдээд удаагүй байтал нэгэн хүлээн авалт дээр Цэдэнбал Филатова “Бал даргын тань тухай ийм ном гараагүй байхад өөрөө яахаараа ийм бүтээл хэвлүүлдэг билээ” гэжээ. Үүнд нь ах жаахан хэгжүүрхээд “Би энэ номыг бичүүлээгүй ээ, миний тухай өөр хүн бичсэн байна лээ. Би хүнд юу бичихийг нь заахгүй гэсэн байгааюм. Үүнээс юм эхэлсэн санагдана” гэж хэлсэн. Тэгвэл Долгорын Нямаа найрагчид Ширэндэв гуай тэр тухай хэлсэн байдаг. Ерэн зургаан оны цагаан сарын дараахан Ширэндэв гуай утас цохиж Нямаа ах, Бадарч ах хоёрыг гэртээ урьжээ. Шинэ костюм өмсөөд зангиа зүүчихсэн гоёлын шаахайтай угтсан гэдэг. 84 настайдаа шүү дээ. “Ширэндэв гуай шиг домог болсон хүнээр хүндлүүлэх нь Бадарч бид хоёрын хувьд нэг л задармаг гэх юм уу хэмжээ хэрээс хэтэрсэн явдал шиг санагдаад болж өгөхгүй байлаа” гэж Нямаа ах хэлдэг. Энэ үед ам халаад наяад оны эхээр өөрийнх нь талаар Намын төв хорооноос гаргасан тогтоолын талаар асуусан байдаг. Түүнд “Улс төрийн товчооны гишүүн Майдар Шинжлэх ухаан техникийн улсын хорооны даргыг хавсарч байсан үе. Академич болох санаатайгаа надад нэг өдөр цухуйлгалаа, би ч ойлголоо. Гэхдээ түүнийг ганцаар шийдэх арга байхгүй. Тэгэхээр нь Цэдэнбалд хэллээ. Даргаас дэмжлэг авах гэсэн дээ шүү дээ. Тэгтэл дарга дэмжих нь байтугай “Тэр чинь зүгээр л нэг малын эмч шүү дээ” гээд огт хэрэгссэнгүй. Би мухардах нь тэр. Даргатай санал солилцлоо, зөвшөөрөхгүй байна гэж Майдарт ямар хэлэлтэй биш таг чиг болчихов. Академийн ерөнхийлөгчөөс намайг зайлуулах үзүүр сэжүүр эндээс эхтэй, өөр бас бус юм байлгүй яахав” гэсэн байдаг. Буурал академич маань Азийн олон оронд уригдаж Монголын түүх, зан заншлын талаар лекц уншиж байсан. Тайваньд лекц уншихад нь нэг хүн “Та ч, Цэдэнбал ч орос эхнэртэй байсан. Үүнийг Оросын нөлөөнд орсны шинж гэж ойлгож болох уу” хэмээн асууж л дээ. Хариуд нь “Чан Кай Шигийн хүү, Зян Зингогийн эхнэр орос шүү дээ, үүнийг Тайвань Оросын нөлөөнд орсон гэж ойлгож болохгүй биз дээ” хэмээн хариулсан удаатай.

Ширэндэв гуайн оролцоогүй, тэр сайхан хүний гэгээ гэрэл тусаагүй салбар гэж Монголд ховор шиг санагдах юм. ШУА-ийн бүхий л хүрээлэнгүүд, Их сургуулийн бүх тэнхимүүдэд түүний нөлөө туссан байдаг. Утга зохиол, сэтгүүл зүй, урлагийн талбарт ч Ширэндэв гуайн босгосон багана бий. Алдарт Жамъянгийн Чулууны “Уран хас” бүжгэн жүжиг гэхэд л Ширэндэв гуайн цомнол.  Улаан-Үдэд хамт суралцаж байсан Лодойдамбатайгаа хээр салхинд гаран ярилцаж, манайд одоо бүжгэн жүжиг л дутаад хэмээн бичсэнээ сонирхуулсан. “Уран хас”-аас гадна “Хошуу наадам”, “Нуурын домог” гээд Монголын сонгодог урлагийн алтан сан хөмрөгийг баяжуулсан бүтээлүүд бий. Мөрдорж, Гончигсумлаа, Дамдинсүрэн, Чулуун, Бирваа гээд хөгжмийн аваргуудтай тэр бүжгэн жүжиг хийсэн, мөн “Төгсгөл” кино, олон олон тууж, нийтлэлүүдийг мэднэ. 2013 онд молхи намайг “Болор цом” хүртэхэд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Батболдын Энхтүвшин алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай, урьд жил нь дөнгөж хэвлэгдээд байсан Ширэндэв гуайн 10 ботийг барьж билээ. Тэгж л миний бие Монголын шинжлэх ухааны буурал тив Ширэндэв гуайгаа налж унасан азтай. Ширэндэв гуайн түүх бол Монголын XX зууны түүх юм. “Нэг хүний түүх нэгэн зууны түүхийг бичих нь бий” гэдэг. Энэ үгийн утга учрыг Ширэндэв гуайгаа бага сага “хэлтэлсний” дараа ойлгож  сууна. Монгол Улсад үндэсний их сургуулийг нь байгуулж, Шинжлэх ухааны академийнх нь суурийг дэлхийн хэмжээнд тавьж өгөхөөс илүү гавьяа ч гэж юу байхав дээ.

                                                                                                                                   “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга

                                                                                                                    (“Өдрийн сонин”-ын 2021.02.01-ний 022(6644) дугаараас авав)

 

 


Бусад мэдээлэл