ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн захирал, Зүүн хойд Азийн Тогтвортой хөгжлийн олон улсын судалгааны төвийн орлогч захирал, доктор Д.Баттогтохтой уулзаж ярилцлаа.
-Хоёулаа яриагаа Олон улсын шинжлэх ухааны чиг хандлагаас эхлэе. Олон улсын шинжлэх ухааны салбарт явагдаж буй өөрчлөлтийн талаар таны бодол?
-Сүүлийн хорь гучин жилд шинжлэх ухааны салбар менежментийн хувьд эрс өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, судлаачийн хувьд бие даасан байдал гэхээсээ илүүтэйгээр хамтрах шаардлага үүсч, эрэлт нийлүүлэлт гэсэн зарчмаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор эрдэм шинжилгээний байгууллагын удирдлагуудад эрэлт, хэрэгцээг мэдэрч судалгааг явуулах, бидний үйлчлүүлэгч хэн бэ гэдгийг тодорхойлох шаардлагууд үүсч байгаа. Улс орнуудад шинжлэх ухааны салбарт зарцуулж буй санхүүжилт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ санхүүжилтийг задлаад харах юм бол Засгийн газраас олгож буй санхүүжилтээс аж үйлдвэр, хувийн хэвшлийн салбарын оруулж буй санхүүжилт эрс нэмэгдсэн дүр зургийг харж болно. Ганцхан жишээ дурдахад, дэлхийн шинжлэх ухаанд зарцуулж буй зардал 1990 онд 377 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 1,947 тэрбум ам.доллар болж өссөн байна. Манай урд хөрш БНХАУ гэхэд 1991 онд 12.4 тэрбум доллар зарцуулж байсан бол 2016 онд 396.3 тэрбум ам.доллар болж дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх шинжлэх ухааны салбарын зардал нь 0.6 хувиас 2.12 хувь болж өссөн байна. Хятад улс дэлхийн хамгийн том шинжлэх ухааныг хөгжүүлэгч орон болж түүн дээрээ түшиглэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг ч бий болгож чадаж байна.
-Хятад улс шинжлэх ухааны салбартаа санхүүжилтээ нэмэгдүүлснээр ямар бодит үр дүн шинжлэх ухааны салбарт нь гарч байна?
-Шинжлэх ухааны салбар, эрдэм шинжилгээний байгууллагын гол үр дүн нь эрдэм шинжилгээний өгүүлэл, патент, ашигтай загвар, нэгэн сэдэвт бүтээл зэргээр хэмжигддэг. Тэгвэл 1990 онд 5832 патент бүртгүүлж байсан Хятад улс 2016 онд 1.2 сая патент бүртгүүлж энэ нь дэлхийн 2.1 сая патентын 57 хувийг дангаараа эзэлж байна. Гэтэл АНУ 290 мянга, Япон 260 мянга, Солонгос 160 мянга байх жишээтэй. Зүүн Азийн орнуудад Хятад улс эрдэм шинжилгээний бүтээлийн тоогоор тэргүүлж байгаа. 2016 онд гэхэд нийт 408 мянган эрдэм шинжилгээний бүтээл, өгүүллийг хэвлүүлсэн байна. Энэ нь энэ бүс нутгийн нийт бүтээлийн 56 хувь болж байна. Магадгүй зарим хүмүүс Хятад улс хүн ам ихтэй юм чинь гэж хардаг. Гэхдээ эдгээр үзүүлэлтийг хүн амтай нь харьцуулсан ч өндөрт тооцогдоно.
-Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын тухайд?
-Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсч хөгжөөд бүтэн зуун жил болж байна. Анх 1921 онд Ардын Засгийн газрын шийдвэрээр Судар бичгийн хүрээлэнг байгуулаад түүхэн хөгжлөөрөө 1961 онд Шинжлэх ухааны Академи болон зохион байгуулагдсан түүхтэйг бид бүхэн мэднэ. Мэдээж энэ хөгжлийн хугацаанд олон дэвшилтэт үр дүн, шинжлэх ухаан, технологийн ололтыг манай үе үеийн эрдэмтэн судлаач нар бүтээж гаргаж ирсэн. Ялангуяа 1990 оноос өмнө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед төрийн дэмжлэг маш сайн байсантай холбоотой. Өнөөдөр тэгвэл ямархуу байдалтай байна. Монгол Улс шинжлэх ухааны салбартаа ДНБ-ий 0.1 хувь буюу 0,0014 тэрбум ам.доллар (1.4 сая) зарцуулж байна. Нэг хүнд ноогдох эрдэм шинжилгээний зардал 4.1 ам.доллар. Тэгвэл энэ үзүүлэлт ОХУ-д 429 ам.доллар, Хятад улсад 340 ам.доллар байх жишээтэй. Эрдэм шинжилгээний байгууллагуудын лаборатори, тоног төхөөрөмж, компьютер хэрэгсэл нь насжилт өндөртэй, зарим эрдэм шинжилгээний байгууллагад хомсдолтой, гадаадад мэргэжил дээшлүүлэн, эрдмийн зэрэг хамгаалсан судлаач нар тухайн суралцсан улсдаа үлддэг, эсвэл ирээд өөр ажилд шилждэг ерөнхий дүр зурагтай байгаа. Гэхдээ энэ нь биднийг бүтээмжгүй сул дорой ажиллах ёстой гэсэн шалтаг, шалтгаан биш. Аж үйлдвэрийн IV хувьсгал, даяаршил, технологийн дэвшил, бүс нутгийн эдийн засгийн интеграци зэрэг дэлхийн өөрчлөлт нь биднийг дэлхийн түвшинд судалгаа шинжилгээ эрхэлж шинжлэх ухаанаа хөгжүүлэх боломжийг олгож байгаа. Энэ бүхнийг шинжлэх ухааны зөв менежмент, мэдлэгийн менежмент, манлайлах чадвараар гүйцэтгэж болно.
-Та өөрөө эрдэм шинжилгээний байгууллагын менежер хүн. Танай байгууллагад тухайлбал, ямар менежментийн шийдлийг хөгжүүлэн ажиллаж байна?
-Дөрвөн I-ийн зарчим гэж байдаг. Даяаршил, эдийн засгийн чөлөөт хандлагатай уялдан дэлхийн хэмжээнд Мэдээлэл (information), Хувь хүн (Individual), Хөрөнгө оруулалт(Investment), Аж үйлдвэр (Industry) улс хооронд чөлөөтэй зорчих болсон. Дээр нь технологийн дэвшил үүнийг улам хурдасгаж илүү нээлттэй болгож өгч байна. Энэ зарчмыг ашиглан гадаад, дотоодын хамтын ажиллагааг хөгжүүлэн судалгааны санхүүжилт, хөрөнгө оруулалтыг босгон ажилласан, салбар хоорондын (interdisciplinary) салбар дундын (transdisciplinary) судалгааг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн. Орчин үеийн шинжлэх ухааны байгууллагын хамгийн үнэт зүйл бол хэрэгцээт мэдлэг, түүнийг бий болгох явдал. Үүнийг хүн л бий болгоно. Шинжлэх ухааны байгууллагын хамгийн чухал нөөц бол чадварлаг эрдэмтэн судлаач. Тиймээс хүний нөөцөө байнга хөгжүүлж, байгууллагад зөв соёлыг төлөвшүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
-Танай байгууллагаас 2019 онд бий болгосон тодорхой үр дүнг дурдвал?
-Манай хүрээлэнгийн тухайд 2019 онд шинжлэх ухаан, технологийн бүтээл арвин, хамтын ажиллагаа тал бүрээр өргөжсөн бүтээмжтэй жил байсан. Бид 2019 онд олон улсын байгууллага, гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан 18 төслийг хэрэгжүүлсэн. Дотоод хамтын ажиллагааны хүрээнд нийт 13 гэрээт ажил, гурван грант төслийг гүйцэтгэсэн, мөн түүнчлэн улсын захиалгат 11 суурь судалгааны төсөл, шинжлэх ухаан технологийн хоёр төсөл гээд нийт 47 төслийг хэрэгжүүлж, зарим төслийг 2019 онд шинээр эхлүүлээд байгаа. Энд тодотгож хэлэхэд улсын захиалгат 13 төслөөс бусдыг манай хүрээлэнгийн хамт олон гадаад, дотоод хамтын ажиллагаа, менежментийн зөв шийдлийг хэрэгжүүлсний дүнд бий болгож чадсан. 2019 онд хүрээлэнгийн хэмжээнд гарсан гол үр дүнг товч дурдвал 127 эрдэм шинжилгээний өгүүллийг дотоодын сэтгүүлд, 52 өгүүллийг гадаадын сэтгүүлд тус тус хэвлүүлсэн. Үүнээс импакт фактортой олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд нийт 30 өгүүллийг хэвлүүлсэн байгаа. Ном товхимол хамтын бүтээл 21, нэгэн сэдэвт бүтээл тав, зөвлөмж гарын авлага 10, сэдэвчилсэн зураг 175, патент стандарт хоёрыг тус тус гаргаж нийт 150 гаруй илтгэлийг гадаад болон дотоодын хуралд хэлэлцүүлсэн үр дүнтэй байна. Энэ бол нэг хүрээлэнгийн хэмжээнд чамлахааргүй үзүүлэлт юм.
-Гадаадын хамтарсан төслийг аль улсуудтай хамтарч ажиллав?
-Хамтрагч улсуудын тухайд БНХАУ, ОХУ, Япон, Солонгос, Канад, АНУ, Польш, ӨМОЗО-ы холбогдох их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч хэрэгжүүлж байна. Мөн Олон улсын цөмийн энергийн агентлаг, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй гадаадын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Манай хүрээлэн дээр хэрэгжүүлж буй гадаад төслүүдийг авч үзвэл тухайн салбарын судлаач нарт хүний нөөцийн хөгжил, ур чадвар олгох, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх чиглэлээр нэг хэсэг, тодорхой санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хоёр талаас хамтран хэрэгжүүлдэг гэсэн хоёр төрлийн төслүүд хэрэгжиж байгаа.
-Эдгээр судалгаа шинжилгээний ажлаас гарсан томоохон үр дүнгүүдээс дурдвал?
-Импакт фактор 1.2-8.1-тай олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд 30 өгүүллийг манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нар нэгдүгээр болон хамтран зохиогчоор хэвлүүлсэн. Судалгаануудыг нарийвчлан, олон үр дүнг ярьж болно. Гэхдээ би зарим нэг үр дүнг товч танилцуулъя. Өвөр Монголын багшийн Их сургуультай хамтарсан “Монгол Улсын хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” хамтарсан төслийг хэрэгжүүлж байна. Манай улсын эдийн засаг цаашид ХАА-н салбартаа түшиглэн хөгжих нь ойлгомжтой. Ялангуяа уламжлалт мал аж ахуйн салбарт хамгийн чухал зүйл бэлчээрийн асуудал. Өнөөдөр Монгол Улсын бэлчээрийн 60-70 хувь талхлагдсан гэсэн тооцоог судлаачид гаргаад байгаа. Тэгвэл тэр нэн хүчтэй талхлагдсан бэлчээр, доройтсон газрын талбайг орчин үеийн зураглал, техник хангамж, хиймэл дагуулын мэдээг ашиглаж нарийвчлан тогтоох, бэлчээрийг нөхөн сэргээх туршилт судaлгаа хийх ажлыг энэ судалгаа гүйцэтгэж байна. Төслийг орон нутагтай хамтран хэрэгжүүлж байгаагаараа бас онцлог юм. Энэ төслийн хүрээнд 30 га газрыг хашаалан туршилт хийн урт хугацааны суурин судалгааны төв болгон хөгжүүлж байгаа. Хашаалсан талбайд найман сорт олон наст ургамлыг тарьж нөхөн сэргээлтийн туршилтыг явуулж байна. Цаг уурын станц, худаг, судлаачдын байр гээд нилээд хөрөнгө оруулалтыг энэ төслийн хүрээнд шийдсэн.
Хятадын ШУА-ийн Баруун хойд бүсийн эко хүрээлэн буй орчин, нөөцийн хүрээлэнтэй хамтарсан “Торгоны зам, эдийн засгийн бүсийн улс орнуудад элс бэхжүүлэх, ургамлын нөмрөгийг нөхөн сэргээх арга техник” олон улсын хамтарсан төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд цөлжилттэй тэмцэх арга технологийг Монголд нутагшуулан, цөлжилтийг сааруулах туршилтыг Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэнтасархайд байрлах “Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төв” дээрээ хэрэгжүүлж байгаа. Мөн Хятадын ШУА-ийн Шинжаан дахь Экологи, Газарзүйн хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 20.5 га газар авч хашаажуулан, автомат цаг уурын станцыг, шороон шуурганы хэмжилтийн цамхагтай нь хамт байгуулсан. Говь, хээрийн бүсийн ганд тэсвэртэй, ашигт шинж чанар бүхий арваад зүйлийн ургамлыг нутагшуулан, технологийн туршилтуудыг явуулж байгаа гэх мэт олон үр дүнг дурдаж болно.
-Хэрэглээнд нэвтэрч болохуйц, практик ач холбогдол өндөр төслийн үр дүнгээс товч дурдвал?
-Манай хүрээлэн дэргэдээ хоёр гарааны компанийг бойжуулж байгаа. Аялал жуулчлал бол байгальд, ээлтэй алсдаа манай эдийн засагт чухал байр суурь эзлэх салбар. Бидний хөгжүүлж буй эхний гарааны компани бол “Scientific Tour-Шинжлэх ухааны аялал” гол санаачилга нь манай хүрээлэнгийн онцлогт тулгуурласан. Үүнийгөөр байгууллага хийхэд хүндрэлтэй. Гол санаа нь судалгаа шинжилгээ явуулангаа мөнгө олох боломж. Хоёрдугаар санаачилга бол загас үржүүлгийн “Зэвэг” гарааны компани байгаа. Бид энэ гарааны компанийн технологи хөгжүүлэлт, туршилтыг хоёр жилийн турш хийгээд технологио гарган авч патентаа мэдүүлсэн. Загас үржүүлгийн гарааны компани маань энэ жилдээ компанийн гэрчилгээгээ авч бүтээгдэхүүн, үр дүнгээ гаргаад цаашид зах зээлд байр суурийг нь бий болгох тал дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мөн Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын программ хангамжийг ашиглан хиймэл оюун ухаан хөгжүүлэх чиглэлд, Засгийн газрын бодлого шийдвэрт зөвлөмж шийдэл болох бодлогын судалгааг хэрэгжүүлэх зэрэг тодорхой судалгааны ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Засгийн газрын бодлого шийдвэрт зөвлөмж болох судалгаа маш чухал санагдлаа. Төр засгийн шийдвэр судалгаанд суурилан гарах ёстой биз?
-Маш чухал асуудал байлгүй яахав. Шинжлэх ухааны байгууллагын нэг гол үүрэг бол төрийн байгууллагуудын бодлого шийдвэрт зөвлөмж өгч хамтран ажиллах байдаг. Манай хүрээлэнгээс ийм төрлийн судалгааг сүүлийн жилүүдэд нилээд хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөө” зэрэг улсын бодлогын ажил дээр хамтран ажиллаж байна. Мөн түүнчлэн, Аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал, бодлогын судалгааг хийж гүйцэтгэсэн. Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын дагуух “Хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн урт хугацааны судалгаа” олон улсын судалгааны төслийг гурван улсын Академийн байгууллагуудын хүрээнд санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.