Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.РЭГДЭЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АСТАНА ХОТОД АЖИЛЛАВ
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.РЭГДЭЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АСТАНА ХОТОД АЖИЛЛАВ

Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Монгол улсын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, тус хүрээлэнгийн археологич, доктор А.Энхтөр тэргүүтэй төлөөлөгчид Астана хотноо болсон Хүмүүнлэгийн ухааны олон улсын гуравдугаар форумд оролцлоо.

Уг форумыг Олон улсын Түрэг академи (TWESCO) гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Форумын нээлтийн үйл ажиллагаанд Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн дарга Гулшара Абдикалыкова болон ЮНЕСКО, ИСЕСКО, ECO Science Foundation, Түрэгийн зөвлөл, ТүркПА зэрэг олон улсын байгууллагуудын тэргүүн, төлөөлөгчид оролцжээ. Азербайжан, Герман, Киргизстан, Молдов, Монгол, Узбекстан, Польш, ОХУ, Тажикстан, Турк зэрэг улсаас 250 гаруй эрдэмтэн судлаачид, шинжээчид оролцсон энэхүү чуулганы үеэр  Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн дарга Гулшара Абдикалыкова Монгол улсын ШУА ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг хүлээн авч уулзжээ.  

Хурлын үеэр олон улсын Түрэг академийн дэргэд Алтай судлал, түрэг судлал, монгол судлалын холбоог байгуулах тухай шийдвэрт  Олон улсын Түрэг академи, Монгол улсын ШУА, ОХУ-ын ШУА, Турк улсын хэлний нийгэмлэгийн удирдлагууд  нар гарын үсэг зурлаа. Энэхүү шинэ Холбоо нь алтай судлал, түрэг судлал, монгол судлалтай холбоотой олон улсын чуулган, их, бага хурал, семинар, үзэсгэлэн, ном хэвлэлийн нээлт, танилцуулга, хамтарсан экспедицүүд зохион байгуулах, түүхэн үйл явдлуудыг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг хамтын үйл ажиллагааг зохицуулах, дэмжих үүрэгтэй. Үүнээс гадна  «Алтай судлал, түрэг судлал, монгол судлал» сэтгүүлийг, мэдээлэл солилцооны интернэт порталыг тогтмол нээн ажиллуулах зорилготой юм байна.

Түүнчлэн олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.Кыдырали ба Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нар хамтын үйл ажиллагааны тухай Санамж бичгийг үзэглэв. Тус Санамж бичгийн үр дүнд цаашдаа Олон Улсын Түрэг академийн дэргэд Монгол судлалын төв нээх эрх зүйн үндэс бүрдэж байна.

Форумын үеэр Олон улсын Түрэг судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж  Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг Олон Улсын Түрэг академийн алтан медалиар, Монгол улсын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулууныг В.Томсений нэрэмжит медалиар тус тус шагнасан байна.



Бусад мэдээлэл