Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ж.БАЯСАХ: УУЛЗАЛТ МОНГОЛД БОЛНО
Ж.БАЯСАХ: УУЛЗАЛТ МОНГОЛД БОЛНО

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Гавьяат багш, Түүхийн шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ж.Баясахтай уулзаж ярилцлаа.

-Дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа гол сэдэв бол АНУ-ын ерөнхийлөгч Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт. Энэ уулзалт яг хаана болох магадлал хамгийн өндөр байна вэ?

 -Уулзалт Монгол Улсад болно гэж таамаглаж байна.

-Гэхдээ яг Монголд уулзана гэсэн тов гараагүй байгаа шүү дээ. Та яагаад ингэж таамаглаж байна вэ?

-Яагаад вэ гэвэл 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Япон улсад айлчлах үеэр АНУ, Япон, Монгол улсын гурвалсан уулзалт болсон. Тавдугаар сарын дундуур энэхүү түүхэн уулзалтын тов нь гарах төлөвтэй байна.

- Улаанбаатарт уулзалт  болбол Монголд ямар ач холбогдолтой вэ?

-Дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг сурвалжлахаар Өмнөд Солонгосын нэгдлийн яаманд дэлхийн 41 орны хэвлэл мэдээллийн 460 байгууллагын 2850 сэтгүүлч бүртгүүлснээс 869 нь гадаадын сэтгүүлч, 1981 нь дотоодын сэтгүүлч байсан. Үүнээс харахад энэхүү түүхэн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулснаар дээрхээс хавьгүй илүү хэвлэл мэдээллийнхэн цугларч, Улаанбаатар хот жинхэнэ утгаараа дэлхийн анхаарлын төвд орж чадна. Өмнө нь манай улс АSЕМ гэх мэт тив, дэлхийн олон арга хэмжээг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.

-Энэ уулзалт Монголын тусгаар тогтнолд түүхэн ач холбогдолтой гэж  үү?

-АНУ, БНАСАУ-ын удирдагчдын түүхэн уулзалтыг эх орондоо зохион байгуулснаар зөвхөн манай улсад ч бус Зүүн хойд Азийн аюулгүй байдал, дэлхий дахинд энх тайван байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болох юм.

-Дэлхийн анхаарлыг БНАСУ-ын тэргүүн Ким Жон Уны гадаад бодлого багагүй татаж байна. Хойдын залуу удирдагч улсаа нээлттэй болгохыг хүсч байна гэж хэлж болох уу?

-Сая явагдаж өнгөрсөн хоёр талын Дээд хэмжээний уулзалтаар БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, 1953 оноос хойш үргэлжилж буй “Хүйтэн дайн” дуусгавар болох нөхцөл бүрэлдлээ.

-Тэгвэл хүйтэн дайн дуусгавар боллоо гэж дүгнэх шалтгаанууд нь юу юм бэ?

-2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх гол агуулгад дүн шинжилгээ хийж үзсэн.

-Тэгээд, та ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

-Хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааг шинэчлэх хүрээнд  нэгдүгээрт, үндэсний байнгын зарчмыг баталгаажуулах, дээд хэмжээний уулзалт, хэлэлцээрээр дамжуулан асуудлыг шийдвэрлэхийг хичээж байх. Хоёр улсын хэлэлцээр, иргэдийн хамтын ажиллагааны төлөө хамтарсан холбоо харилцааны албан байртай болох, шат шатны олон талт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх биз. Үндэстний хамтарсан үйл ажиллагааг дэмжих, олон улсын тэмцээнд хамтарч оролцох байх. Мөн  улаан загалмайн уулзалт. Ирэх наймдугаар сарын 15-ны өдөр салсан гэр бүлийн уулзалтын талаар хэлэлцэх, шийдвэрлэх, 0-4-ын хамтарсан мэдэгдэл дахь хамтын ажиллагааг дэмжих, хоёр улсын хооронд төмөр зам, автозамыг холбох асуудал яригдах болов уу. Цэргийн хурцадмал байдлыг бууруулах, дайны аюулыг бодитоор арилгах хүрээнд зөрчилдөөний бүх үйлдлийг хориглох, цэрэггүй бүсийг энх тайвны бүс болгон өөрчлөх, баруун тэнгис/Шар тэнгис/-ийн хилийн нэг хэсгийг энх тайвны бүс болгож, загасчлах үйл ажиллагааг баталгаажуулах, батлан хамгаалах сайд нарын уулзалт, цэргийн албан хаагчдын уулзалтыг байнга хийж, энэ тавдугаар  сарын дундуур Генералуудын уулзалтыг зохион байгуулах юм.

-Элэг нэгтнүүдийн олон жилийн дайсагнал дууслаа гэж хэлж болох уу?

-Байнгын, сайн зохион байгуулагдсан тогтолцоо бий болгох хүрээнд хоёр тал хүч хэрэглэхгүй байх зарчмыг дахин бататгах, хатуу баримтлах, цэргийн түгшүүртэй байдлыг арилгаж, итгэлцэл бий болгоход чиглэгдсэн шат дараатай бодит арга хэмжээ авах байх. Энэ жилдээ багтааж дайн зогсоох гэрээг энхийн гэрээ болгоно гэж харж байна.  Хоёрт, Солонгос, АНУ-ын гурван талт болон Хоёр Солонгос, АНУ, Хятадын дөрвөн  талт уулзалтыг сэргээх, идэвхтэй дэмжих байх.  Цөмийн зэвсгээс бүрэн татгалзаж цөмийн зэвсэггүй Солонгосын хойгийг байгуулах, үүний тулд олон улсын хамтын нийгэмлэгийг дэмжиж, хэлэлцээр хийхэд хүчин чармайлт гаргана.  Мүн Жай Ин Ерөнхийлөгч ирэх намар Пхеньян хотод айлчлах  зэрэг алхмууд ирэх саруудад эрчимтэй хийгдэх нь тодорхой болоод байна.

-Хойд Солонгос улам бүр даяаршлагдаж байна. Гэхдээ тэднээс илүү их гүрнүүдийн дунд орших жижиг улсын хувьд бид  юуг нь анхаарах ёстой вэ?

-Бид мөнхийн хоёр их хөрш ОХУ, БНХАУ-тай стратегийн түншлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ “Гуравдагч хөрш”-ийн бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх чухал юм. Манай “Гуравдагч хөрш”-ийн бодлогод нийгмийн дотоод тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, сул талуудаа арилгахад гуравдагч түнш орнуудын бодит дэмжлэг, сонирхлыг хандуулах нь чухал байна. Гэвч нэн тэргүүнд Монгол Улсын хувьд хөрш Орос, Хятадын аль нь ч “Гуравдагч хөрш”-өөс илүү чухал ач холбогдолтой байна гэдгийг ямагт санах нь зүйтэй.  Улс орныхоо түүхэн туршлагыг харгалзан ашиг сонирхлын тэнцвэрийг буй болгохыг зорьсон “Гуравдагч хөрш”-ийн бодлогоо амжилтад хүргэх эсэх нь Орос, Хятад улсуудтай харилцаагаа хэрхэн цааш нь тасралтгүй хөгжүүлэхээс ихээхэн хамаарна. Энэ нь бид хоёр хөршийнхөө амин чухал эрх ашгийг хэрхэн харгалзан үзэхээс шалтгаалах болно. Тийм ч учраас Монгол улс-Хөрш улсууд-Гуравдагч хөрш орнууд гэсэн гадаад бодлогын тулгын гурван чулуунд ямагт суулган авч явах нь чухал юм.

-Дашрамд асуухад, Монгол Улсын хөгжилд Шинжлэх ухааны байгууллагын оролцоо сул байна гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Би энэ асуулттай санал нийлэхгүй. Манай эрдэмтэд чиглэл бүртээ өөрийнхөө үүргийг сайн гүйцэтгэж байна. Харин эрдэмдтийн хийсэн бүтээлийг зөвөөр ойлгож, сурталчлах ажил өргөн хүрээнд хийгдэхгүй байна. Манай эрдэмтэд би ийм зүйл хийлээ гээд гайхуулж явдаг хүмүүс биш учраас тэдний бүтээлийн үнэ цэнийг зөв тодруулан гаргаж, сурталчлах явдал нь сэтгүүлч та нарт л оногдох үүрэг юм даа.

-Шинжлэх ухаанаа хөгжүүлэхгүйгээр улс орон хөгжихгүй гэдэг. Шинжлэх ухаанаа хөгжүүлэхийн тулд төрөөс яаж анхаарах ёстой юм бэ?

-Өргөн хүрээгээр харж ярьвал олон асуудал байгаа нь ойлгомжтой. Эрх барьж байгаа нам маань шинжлэх ухааны салбарын төсвийг 5 дахин нэмэгдүүлнэ гэж гарч ирсэн. Энэ амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ байхаа гэж манай эрдэмтэд судлаачид итгэж найдан харцгааж байна. Манай Олон улсын харилцааны хүрээлэнгийн хувьд төр засгийн байгууллагуудтайгаа өргөн хүрээнд хамтран ажилладаг. Манай Гадаад харилцааны яам эрдэмтдийнхээ үгийг сайн сонсдог, биднээс авч хамтран ажилладаг. Энэ бол маш зөв. Эрдэмтдээ дэмжиж түшсэн улсын бодлого түүхийн туршид зөв чигтэй байсаар ирсэн. Өнөөдөр ч олон улсын хандлага энэ түүхэн үнэнд захирагдсаар байна. Цаашдаа ч тийм байх нь эргэлзээгүй юм.

эх сурвалж; news.mn


Бусад мэдээлэл