Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХҮРЭЭЛЭНГҮҮД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
ХҮРЭЭЛЭНГҮҮД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, БСШУСЯ-ны харъяа Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн өчигдөр /2018,02,28/ хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D) Л.Жаргалсайхан, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн захирал доктор  (Ph.D)  Ч.Чимэдрагчаа нар үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийн зорилго нь ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, БСШУСЯ-ны харъяа Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн хоорондын судалгаа, шинжилгээний ажлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.

Хими, химийн технологийн хүрээлэн (ХХТХ) дээр эх орны эмийн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, эмчилгээний зориулалтаар ашиглагдах боломжтой эрдэс түүхий эдийн найрлага бүтцийг тогтоох,   тэдгээрээс биологийн идэвхт бодисыг ялган авах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт, судалгааны ажлууд хийгддэг. Судалгааны ажлын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг эмчилгээнд ашиглахад үзүүлэх идэвх, үйлдэл, хоруу чанарыг тогтоох болон одоо практикт хэрэглэгдэж байгаа эмчилгээний материалтай харьцуулсан судалгаа хийгдэхгүй байгаагаас практикт нэвтрүүлэх, эмчилгээ үйлчилгээнд ашиглах ажил хангалтгүй байгаа юм. Иймд ХХТХ-ийн гарган авсан бүтээгдэхүүнийг эмчилгээнд ашиглах боломж, үйлчлэлийг тогтоох клиникийн өмнөх ба клиникийн судалгааг Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн (УАУТХ) фармакологийн секторын эмч судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран гүйцэтгэж, үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэхэд хамтран ажиллана.  Мөн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн  судлаачдын гарган авсан биологийн идэвхит шинэ бодисын бүтэц байгууламжийг тогтоох судалгааг ахисан түвшинд хийж гүйцэтгэх, уламжлалт эмийн түүхий эд, эмийн шинжилгээний арга зүй боловсруулахад хамтран ажиллах юм.  

Цаашид хоёр тал дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд;

·                     Монгол орны эмийн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, эмчилгээний зориулалтаар ашиглагдах боломжтой эрдэс түүхий эдийн найрлага бүтцийг тогтоох, хими-технологи, фармакологийн чиглэлээр хамтарсан суурь судалгааны төсөл боловсруулж, хэрэгжүүлэх, гарсан үр дүн, шинэ бүтээлийн патентыг  хамтран эзэмших.

·                     Судалгааны ажлын үр дүнд бий болсон бүтээгдэхүүний технологи-фармакологийн судалгааг хийж, технологийн ба хэрэглэх зааврыг боловсруулахад хамтран ажиллах, гэрээгээр гүйцэтгэх

·                     Хими, химийн технологийн хүрээлэнгийн судалгааны явцад гарган авсан бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхэд шаардлагатай клиник судалгааг захиалгын дагуу хийж гүйцэтгэх.

·                     Хамтарсан эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, стандарт, фармакопейн өгүүлэл боловсруулж батлуулах.

·                     Хүрээлэнгүүд өөрсдийн материаллаг баазыг ашиглан бага хэмжээний үйлдвэрлэлийн туршилтыг хамтарч явуулах.

·                     Шинжлэх ухааны ач холбогдол бүхий мэдээллийг харилцан солилцох.

·                     Эрдэм шинжилгээний хуралд хамтарч илтгэл тавьж хэлэлцүүлэх.

·                     Сард ХХТХ-ийн нэг ажилтныг УАУТХ-ийн харъяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд  дэмжлэг үзүүлэх.

 


Бусад мэдээлэл