Бурханы шашны Гарма Гаржүд ёсны тэргүүн XVI Гьялва Гармавын шавь, Европ дахинд Буддын шашныг түгээн дэлгэрүүлэгч Оле Нидал ламтан 2017 оны 7 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа айлчлав.
Тус айлчлалын хүрээнд ШУА-ийн Философийн хүрээлэн, Гарма Гаржүдийн уламжлалын Очирт хөлгөн буддистуудын Оросын нийгэмлэгтэй хамтран “МОНГОЛ ДАХЬ ГАРМА ГАРЖҮД ЁСНЫ УЛАМЖЛАЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Оле Нидал ламтан 1941 онд Дани улсын Копенгаген хотноо төрсөн. Дани, Герман, АНУ-ын их сургуулиудад англи, герман хэлд суралцаж гүн ухааныг судалсан. 1968 онд Гарма Гажүд ёсны их багш XVI Гармава Ранжун Рагви Доржид шавь орж, буддизмын ном бясгалгалд суралцаж, түүнээс ламын сахил, зэрэг хүртсэн анхны европ шавь нь болсон хүн юм.
Тэрээр Гималайд 4 жил суралцахдаа XVI Гармава ламаас гадна XIV Далай лам, Шамар Ринбучи, Жамган Ринбучи, Калу Ринбучи, Тенги Ринбучи, Тулку Ринбучи, Ганжуур Ринбучи зэрэг их багш нараас номын авшиг, жүд дамжлагыг хүртэж, очирт хөлгөний ном бясалгалд бэлтгэгдсэн бөгөөд 1972 оноос XVI Гармавагийн ивээлээр Европ дахинд буддын үзэл санаа Гарма ёсны номын сургаалийг түгээн дэлгэрүүлэхээр томилогдсон байна. Тэр цагаас хойш өнөөг хүртэл 45 жилийн хугацаанд Оле Нидал ламтан өрнө дахинд буддизмын үзэл санааг дэлгэрүүлэх номын их үйлсэд хүчин зүтгэж, дэлхийн 50 гаруй оронд буддизмын бясалгал номлолын 650 гаруй төвийг үүсгэн байгуулж, 70 000 гаруй шавь нартай болсон ажээ. Оле Нидал ламтаны сургааль номлолыг даган баримтлагчид Оросын очирт хөлгөний буддистуудын 85 төв ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг байна. Очирт хөлгөний ёс нь эртний Энэтхэгийн Наропа, Дилопа, Миларепа нараас эхтэй хожуу үеийн Гарма Гажүд ёсны уламжлал, дамжлагаар өнөөг хүрч ирсэн орчин үеийн буддизмын бясалгал номлолын нэгэн гол урсгал юм.
Оле Нидал ламтан дэлхийн олон орноор аялан явж очир хөлгөний ёсны ном бясалгалыг заан сургаж олон мянган хүмүүст буддизмын сургааль номлолыг түгээн, улс үндэстний хооронд харилцан ойлголцол, хүндэтгэл, энх тайвнаар зэрэгцэн орших үзэл санааг дэлгэрүүлсний төлөө ЮНЕСКО-ын хүндэт шагналыг хүртсэн энх тайвны үйлстэн юм. Тэрээр буддизмын сургааль номлол, гүн ухааныг орчин үеийн уншигчдад зориулж энгийн ойлгомжтой хэлбэрээр илэрхийлсэн олон ном бүтээл туурвиж нийтийн хүртээл болгосноос 10 гаруй бүтээл нь дэлхийн 40 гаруй оронд, 25 хэлээр орчуулагдаж, хамгийн эрэлт бүхий шилдэг номоор тодорчээ.
Буддизмын өнө эртний уламжлалт Монгол оронд хийж байгаа Оле Нидал ламтаны анхны энэхүү айлчлал нь түүний энхийн төлөөх буян ламын сайн үйлсийнх нь үргэлжлэл юм. Энэ удаагийн аялалд түүнийг дагалдан ОХУ, Австри, Англи, Бразил, Болгар, Чех, Дани, Финланд, Герман, Израйль, Итали, Латви, Словак, Польш, Швейцарь, АНУ, Вьетнамын очирт хөлгөний буянт 100 гаруй шавь нар хамт ирж Монголын буддизмын түүх соёлтой танилцсан юм.