Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНХАУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ПРОФЕССОР БАЙ ЧУН ЛИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЛАА
БНХАУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ПРОФЕССОР БАЙ ЧУН ЛИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь 1999 оноос хойшхи хоёрдахь удаагийн томоохон айлчлал юм.

БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Лигийн хувьд манай улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд БНХАУ-ын алдартай химич, нано-шинжлэх ухааны манлайлагч эрдэмтэн хүн юм. Тэрээр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчөөс гадна Хятадын ШУА-ийн Их сургуулийн Ерөнхийлөгч, Дэлхийн хөгжиж буй орнуудын Шинжлэх ухааны Академи (TWAS)-ийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг бөгөөд 2011 онд Монгол улсын ШУА-ийн Гадаад гишүүнээр сонгогджээ.

Түүний айлчлалын зорилго нь Монгол, Хятад хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг шинэчлэн баталгаажуулахад оршиж байгаа юм. Хятадын Шинжлэх ухааны Академийн төлөөлөгчдийн  бүрэлдэхүүнд БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчөөс гадна тус академийн Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын ерөнхий захирал, профессор Жин Хуа Цао, Баруунхойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, нөөцийн судалгааны  хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор Ванг Тао, Нүүрсний химийн хүрээлэнгийн ерөнхий захирал, профессор Жиан Гуо Ванг, Гадаад хамтын ажиллагааг  Удирдах газрын орлогч захирал Бо Лун Нинг нар багтаж байна.

БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Лиг Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл айлчлалын эхний өдөр буюу 5 дугаар сарын 1-ний өдөр ШУА дээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал монгол, хятадын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын чиглэлүүдийг нарийвчлан ярилцаж санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, “Манай хоёр улсын ШУА-ийн хамтын ажиллагаа 1991 оноос эхэлж, 1999 онд  ШУА-ийн Ерөнхийлөгч Лу Ян сан Монгол Улсад айлчилж “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулсан. Хамтын ажиллагааны үр дүнд бодитой хөрөнгө оруулалт хийж БНХАУ-ын ШУА-иас Ботаникийн хүрээлэнгийн ургамлын цуглуулга хадгалах 100 мянган шүүгээ нийлүүлж байсан. Сүүлийн жилүүдэд бид Хятадын ШУА-ийн хүрээлэнгийн Геофизикийн хүрээлэнтэй идэвхтэй хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэв.

БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсанд талархлаа илэрхийлээд, “Манай хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж илүү амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. БНХАУ-ын ШУА-ийн зүгээс хоёр орны эрдэмтэд хамтран тал хээрийн судалгаа, “Нэг бүс- Нэг зам” санаачлагын хүрээнд  БНХАУ-Монгол-ОХУ гурван улсын эдийн засгийн коридорт хамтарсан судалгааны ажил хийх, цөлжилт, хөрсний эвдрэл гэмтлийн нарийвчилсан судалгаа, хими, газарзүйн судалгааг хамтран эхлүүлэх, хүний нөөц боловсон хүчний чадвахийг бэхжүүлэх туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах боломжтой” талаар санал тавилаа.

Монгол, Хятадын сайн хөршийн харилцан итгэлцсэн үр дүнтэй түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд  хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Хоёр орон БНМАУ-ын ШУА, Хятадын  ШУА хоорондын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай 1991 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталгаажуулсан хэлэлцээр болон Монгол Улсын ШУА, Хятадын Шинжлэх ухааны академитай 1991, 1999 байгуулсан Хамтын ажиллагааны Санамж бичиг, протоколуудын хүрээнд хамтран ажиллаж байна. Харин энэ удаагийн айлчлалаар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар төлөвлөж байна. Үүний дараа БНХАУ-ын төлөөлөгчдийг БСШУС-ын Сайд Ж.Батсуурь БСШУСЯ дээр хүлээн авч уулзсан юм. Харин үдээс хойш БНХАУ-ын төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат нарт бараалхах юм.

Айлчлалын хоёрдахь өдөр буюу 5 дугаар сарын 2-ны үдээс өмнө Профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид ШУА-ийн зарим хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, байгалийн шинжлэх ухааны хөгжлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, судалгаа хөгжлийн шинэ чиглэлүүд, боломжуудын талаар харилцан санал бодлоо солилцсон юм. Үүний дараа БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли “Хятадын шинжлэх ухаан, технологи, инноваци” сэдвээр Туушин зочид буудлын Соёмбо танхимд лекц уншлаа.

Айлчлалын төгсгөлд БНХАУ-ын ШУА, Монгол улсын ШУА хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа болж, санамж бичигт Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли нар гарын үсэг зурлаа. Улмаар хоёр тал биотехнологи, нүүрсний хими ба технологи, байгаль орчин ба цөлжилтийн  судалгаа, материал судлал, цөмийн физик, палеобиологийн судалгаа, суурин газрын бохирдлын судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.


 


 


 


 



Бусад мэдээлэл