Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, академич, түүхийн шинжлэх ухааны доктор Бадамын Лхамсүрэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын шинжлэх ухаанд хүнд гарз тохиолоо.
Академич Бадамын Лхамсүрэн 1923 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт төржээ. Тэрбээр 1931-1934 онд нийслэлийн 4 дүгээр бага сургууль, 1934-1938 онд “Үлгэр жишээ” дунд сургууль, бага сургуулийн багшийн курс, 1942-1947 онд Монгол Улсын Их Сургуульд суралцан улаан дипломтой төгсжээ.
Б.Лхамсүрэн Булган аймгийн Бүрэгхангай сумын бага сургуулиас хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1947-1954 онд МАХН-ын Төв Хороонд /хуучин нэрээр/ лектор, Гадаад явдлын яамны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдын референт, 1953 оноос МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, 1959-1962 онд Гадаад явдлын яамны орлогч сайд, Сайд нарын Зөвлөлийн даргын орлогч, 1960-1961 онд Шинжлэх ухаан дээд боловсролын хорооны дарга, 1962-1972 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1975-1981, 1984-1988 онд Прага дахь “Энх тайван социализмын асуудал” сэтгүүл дэх МАХН-ын төлөөлөгч, 1981-1984 онд Нийгмийн Ухааны институтийн захирал, 1988-1990 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байлаа.
Б.Лхамсүрэн Монгол Улсын анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтнуудын нэг байсан юм.
Тэрбээр Шинжлэх Ухааны Академийг үүсгэн байгуулсан 1961 оны анхны чуулганаар ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд академич цол хүртжээ.
Б.Лхамсүрэн нь 1954-1958 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Нийгмийн ухааны Академид суралцаж, “БНМАУ-ын гадаад бодлого ба дэлхийн хоёрдугаар дайнаас хойш түүний гадаад харилцаа өргөжсөн нь /1945-1957/” сэдвээр түүхийн ухааны доктор, 1975 онд ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Марксизм-Ленинизмийн институтэд “МАХН-ын үйл ажиллагааны интернационализмын зарчмын тухай” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан байна.
Академич Б.Лхамсүрэн 1990 оноос ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөхөөр ажиллаж, манай улсын тусгаар тогтнол, гадаад харилцааны асуудлыг шинэ сэтгэлгээгээр гүнзгийрүүлэн судлахад өөрийн хүч оюунаа зориулжээ.
Академич Б.Лхамсүрэн бол Монгол Улсын түүх судлалыг хөгжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинжлэх ухаан, боловсролын тогтолцоог боловсронгуй болгох үйлст олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулж, жинтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн юм.
Түүний хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж “Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор гурван удаа, “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнажээ.
Талийгаачийн бүтээлч эрч хүч, оюунлаг, ажилч хичээнгүй, зарчимч зан бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД, Ж.ЭРДЭНЭБАТ
Л.ЭНХ-АМГАЛАН, Ж.МӨНХБАТ, Ж.БАТСУУРЬ, Ц.МӨНХ-ОРГИЛ,
Б.БАТ-ЭРДЭНЭ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.ГАНТУЛГА,
Л.БАТСАЙХАН, Н.ГАНБЯМБА, Д.РЭГДЭЛ