Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Бат-Өлзийн Цэрэндаш 2016 оны 10 дугаар сарын 17 –ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй гарз тохиолоо.
Б.Цэрэндаш 1945 онд Ховд аймгийн Дарви сумын Бодийн үзүүр хэмээх газар мэндэлжээ. Тэрбээр 1960 онд Улаанбаатар хотын 7 жилийн 19 дүгээр дунд сургуулийн 7 дугаар ангийн анхны төгсөлтийг онц дүнтэй дүүргэж, 10 жилийн 12 дугаар сургуульд 9 дүгээр ангид суралцаж, 1964 онд Хүн эмнэлгийн текникум, 1970 онд Анагаах ухааны дээд сургуулийг “Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай” онцсайн дүнтэйгээр суралцан төгссөн. Ажлын гараагаа Сэтгэл мэдрэлийн больниц (хуучин нэрээр)-оос эхэлж, 1971-1972 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны дунд сургуульд багш, 1972 оноос Ардын армийн цэргийн төв эмнэлэгт дотрын эмч, 1974-1992 онд Анагаах ухааны дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, 1992-1995 онд Анагаах ухааны их сургуулийн дотрын анагаахын хүрээлэнгийн захирал, 1995-1998 онд Анагаах ухааны үндэсний хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, дотрын клиникийн захирал, 1998 оноос Анагаах ухааны хүрээлэнгийн төслийн удирдагч, дотрын секторын эрхлэгч, зөвлөх, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дотрын ерөнхий зөвлөх эмч зэрэг албыг хашиж ирснээс гадна, “Ач” Анагаах ухааны их сургуулийн дотор-мэдрэлийн тэнхмийн эрхлэгч, Батлан хамгаалах, хууль сахиулагчдын албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Ачтан-Элит”, “Гэгээ”, “Гранд-Ме”д эмнэлгүүдийн дотрын зөвлөх эмчээр ажиллаж байлаа.
Б.Цэрэндаш 1979-1981 онд БНАГУ-ын (хуучин нэрээр) Берлин хотын Хумбольдтын Их сургуулийн аспирантурт суралцаж 1981 онд Анагаах Ухааны доктор, 1988-1991 онд ХБНГУ-ын Халле хотын Мартин-Лютерийн Их сургуулийн докторантурт суралцаж 1994 онд Анагаахын Шинжлэх Ухааны доктор, 1993 онд дэд профессор, 2003 онд профессор, 2004 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм тус тус хүртжээ.
Академич Б.Цэрэндаш Монгол Улсын анагаах ухааны хөгжлийн төлөө өөрийн
ухамсарт амьдралаа зориулж, анагаахын эмнэлзүй, уламжлалт анагаах ухаан, мал
эмнэлэг болон бусад шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд нөр их хөдөлмөр, эрдэм
оюун, авъяас чадлаа бүрэн зориулсан Монголын шинжлэх ухааны шилдэг эрдэмтэн
байлаа. Тэрээр 1968 оноос эхлэн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг 48 жил тасралтгүй гүйцэтгэж, 450 гаруй
эрдэм шинжилгээний бүтээлийг гадаад, дотоодод нийтлүүлж, олон арван ном, сурах
бичиг, гарын авлага бичиж, хэвлүүлж, эмчилгээ, оношилгооны олон шинэ аргуудыг
практикт нэвтрүүлсэн их эрдэмтэн байлаа.
Тэрээр Монгол хүний элэгний хоргүйжүүлэх чадварыг судлан бусад орныхтой харьцуулж, Монгол хүн эм болон бусад төрлийн бодисыг 2,5-3 дахин бага хэмжээтэй хэрэглэх хэрэгтэйг тогтоосон нь Монголын анагаахын шинжлэх ухаанд үнэлж баршгүй том хувь нэмэр болсон юм.
Академич Б.Цэрэндаш АШУҮИС-ийн болон анагаах ухаанаар эрдмийн зэрэг олгох зөвлөлийн гишүүн болон даргаар ажиллаж, олон тооны эрдэмтдийн эрдмийн ажлыг удирдаж, санал зөвлөгөө өгч, шүүмж бичиж, анагаах ухааны ба дотрын чиглэл ялангуяа элэг судлалын чиглэлээр бүхэл бүтэн эрдэмтдийн баг бүрэлдэн тогтоход онцгой гавьяа байгуулсан эрдэмтэн судлаач, багш билээ.
Профессор Б.Цэрэндаш 1974 оноос эхлэн Анагаахын сургуулийн оюутнуудад
багшлах, эмч нарт дотрын мэргэжил олгох, дээшлүүлэх, дагалдуулан сургах,
шавилан сургах, эрдэм шинжилгээний ажилтнуудыг ажлын байран дээр сургах, зөвлөх
чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж 5000 гаруй оюутан, 550 гаруй дотрын эмч, 70
гаруй элэг цөсний нарийн мэргэжлийн эмч, 100 гаруй эрдэм шинжилгээний ажилтныг
бэлтгэн гаргасан, агуу багш, сурган хүмүүжүүлэгч байлаа.
Б.Цэрэндаш дотрын эмчээр 44 жил, зөвлөх эмчээр 36 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, олон арван мянган хүнд (450 000 гаруй) нарийн мэргэжлийн тусламж үзүүлж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч байлаа. Тэрээр сургалт, эмнэлзүй, шинжлэх ухааныг гайхамшигтайгаар хослуулж, сургалт, шинжлэх ухаанд бие сэтгэлээ зориулсан багш, эмч, шинжлэх ухааны зүтгэлтэн эрдэмтэн хүн байсан.
Б.Цэрэндаш Монголын ШУА-ийн жинхэнэ гишүүн, Монголын анагаах ухааны академийг үндэслэгчдийн нэг, Нью-Иоркийн ШУА-ийн гишүүн, Монголын элэг судлаачдын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн шинжээч, ЭМЯ-ны дотрын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, НЭМГ-ын дотрын ерөнхий мэргэжилтнээр сонгогдон үр бүтээлтэй ажиллаж байлаа.
Түүний анагаах ухаан болон шинжлэх ухааны салбарт оруулсан хөдөлмөр, бүтээлийг төр засгаас өндөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ШУА-ийн дээд шагнал “Хувилай хаан” алтан медаль, Эрүүлийг хамгаалахын, Ардын боловсролын, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнажээ.
Талийгаачийн шинжлэх ухааны төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөрч, тусархаг, шулуун шударга, цагаан цайлган, элэгсэг нөхөрсөг, оюунлаг, шинжлэх ухаанч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн дурсагдах болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
МОНГОЛ АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ