Монгол улсад Биологийн судалгааны төв байгууллага Биологийн ухааны хүрээлэн байгуулагдсаны 50 жил, Монгол-Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедици ажиллаж эхэлсний 45 жилийн ойг тохиолдуулан “Орчин үеийн нийгэм эдийн засгийн хөгжил дэх Төв Азийн экосистем” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 9 дүгээр сарын 8,9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Хурлын нээлтэд Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн эрдэм шинжилгээний удирдагч, академич Юрий Юлианович Дгебаудзе, Монгол Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн Оросын талын дарга Петр Дмитриевич Гунин, Монголын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Дэд сайд Б.Тулга, Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн Газарзүйн сургуулийн Ерөнхийлөгч, академич Николай Сергеевич Касимов, Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын Дэд сайд М.Хүрэлсүх, Олон улсын Биологийн Холбооны ерөнхийлөгч Стэнсед Нилс болон бусад төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.
Олон улсын хурлыг нээж Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ,
“Монгол орны экологийн төлөв байдал, биологийн нөөц баялгийг тал бүрээс нь иж бүрэн судалж, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах талаар манай биологийн шинжлэх ухааны болон Монгол, Оросын Хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн эрдэмтэд, судлаачид онцгой анхаарч, 45 жилийн турш хамтын хүч хөдөлмөрөө зарцуулж, идэвхи зүтгэл гарган, тус оронд биологийн суурь судалгааг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгааг Монгол Улсын Төр, Засаг, Шинжлэх ухааны академи өндрөөр үнэлдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм” хэмээгээд “хурлын хөтөлбөрт тусгагдсан тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэхэд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаас гарах баримт бичиг чухал үүрэгтэй”-г онцолсон юм.
Тус хурлын зорилго нь Төв Ази ба Монголын биологийн олон янз байдал, экосистемийн өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ өгөх, энэ чиглэлээр явуулсан олон жилийн судалгааны үр дүнг нэгтгэх, биологийн нөөц баялгийг ашиглах, хамгаалах талаар гарч буй дэвшилтэт технологи, арга зам туршлагыг харилцан солилцох, бүс нутгийн хэмжээнд энэ чиглэлийн арга хэмжээг зохицуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оршиж байгаа аж.
Хуралд ОХУ, ХБНГУ, АНУ, БНХАУ, Япон, Казакстан, Израил зэрэг орны 100 гаруй эрдэмтэн судлаачид, монгол орны байгалийн нөхцөл, биологийн төрөл зүйлийн холбогдолтой судалгаа хийдэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний 10 гаруй байгууллагын төлөөлөл болсон 150 гаруй эрдэмтэн судлаачид, багш, докторант, магистрант, оюутнууд оролцож байна.
Түүнчлэн урилгаар Оросын ШУА-ийн академич Ю.Ю. Дгебуадзе, академич Н.С Касимов, сурвалжлагч гишүүн В.В. Рожнов, академич З. Шамсутдинов, АНУ-ын Байгаль ба загас хамгаалах олон улсын арга хэмжээний салбар, Евразийн салбарын дарга, доктор Стив Кол, Хятадаас проф. Zhang Zhibin, Японы доктор Tateishi нарын дэлхийд нэр хүндтэй эрдэмтэд оролцож байгаа юм. Эхний өдрийн хуралдаанаар 15 илтгэл хэлэлцүүлэгдэх бөгөөд дараа дараагийн салбар хуралдаанаар 120 гаруй илтгэл, 162 ханын илтгэл хэлэлцүүлэгдэх юм.
Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц нь монгол орны нутаг дэвсгэр дээр тасралтгүй 45 жил байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал, биологийн төрөл зүйлийг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг явуулж, судалгааны үр дүнгээр 4.5 мянган бүтээл туурвисаны 1500 орчим нь Аридные экосистемы, “Дэлхийн цаг уур”, АНУ-ын “Science”, Оросын Journal of Botany, Biology зэрэг имфакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн ба үүнээс 7000 орчим ишлэл авагдсан байна.
Түүнчлэн цөлжилтийн судалгааны дүнд Дундговь аймгийн Дэлгэрцогт, Өмнөговь аймгийн Булган, Гурван тэс, Баянхонгор аймгийн Шинэ-жинэст, Дундговь аймгийн Замын-Үүд зэрэг сумдын нутагт загвар талбайнууд дээр судалгаа явуулж, ургамалжлын солигдол, хөрсөн бүрхүүлийн өөрчлөлтөөр цөлжилтийн шинж тэмдгийг тодорхойлов. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын биологийн төрөл зүйл, нөөцийг ашиглах, хамгаалах ажлыг амжилттай явуулж, “Бэлчээр сайжруулах төв” байгуулан талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх туршилт судалгааны ажлыг амжилттай хийжээ.