Төв Аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Сарьдагийн хийдийн тууриас урьд өмнө илэрч байгаагүй нарийн хийцтэй олдворууд гарчээ. Энэ талаар ССАЖЯ, Соёлын өвийн төв, Шинжлэх ухааны Академийн Түүхийн хүрээлэн, Богд хааны ордон музейн холбогдох албаны хүмүүс 10 дугаар сарын 22-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тус хийдийн туурьд өнгөрөгч 8 дугаар сараас эхлэн дээрх байгууллагууд хамтран авран хамгаалах малтлага хийжээ. Уг хийд нь уран барилга, хот байгуулалт талаасаа монголчуудын 17-р зуунд үүсгэн байгуулсан хот суурин, хүрээ хийдийн барилга, архитектурын нэгэн сонирхолтой шийдэл хэмээн түүхэнд бүртгэгдсэн байдаг нь түүхийн нэн ховор дурсгалд зүй ёсоор тооцогдож байгаа тухай албаны хүмүүс хэлж байв.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун малтлагын үеийн дүрс бичлэгийг ашиглан дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд түүний хэлснээр 4 хэсэгт малтлага явуулсан байна. Тухайлбал “Малтлага 1”-ийн үеэр маш зузаан боржин чулуу илэрсэн бөгөөд дараа дараагийн буюу доошлох тусам хийгдэж байсан малтлагаар хийдийн дээврийн ваарны хэлтэрхий, модон хийцийн багана гарч ирсэн байна. Улмаар шатсан мод, суварга маягийн шавар эдлэлээс гадна гүн рүү нь орох тусам жижиг шавар бурханууд, том шавар бурханы хөлийн хуруу гэх мэт олдворууд олдсоор байжээ.
Түүнээс гадна төмөр жадны хэлбэр, хээ чимэглэл, ваарны нүүр, хүрэл тогоо гэх мэт нэн ховорт тооцогдох олдворууд ч байжээ. Хавар дулааны улирал эхлэхэд тус газарт хийх малтлагын ажил үргэлжлэх аж. Нөгөө талаас ирэх жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиох ажээ. Тиймээс малтлага бүрэн дууссаны дараа олдворуудыг эвлүүлж сэргээн засварлаж нэгдсэн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар олдоод байгаа олдворуудыг Богд хааны ордон музейд хадгалж байгаа бгөөөд тус музей нь эдгээр олдворуудыг малтаж гаргах зэрэг ажилд судалгааны суурь бааз болж ажиллаж байгаа аж.
Уг хийдийн тухай түүх сөхвөл анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар 20 настайгаасаа 1654 оноос эхлэн Хэнтий ханы өвөрт номын хийд Рэво Гэжай Ганданшадүвлин буюу “Дэлгэр Өлзийт уулын төгс баясгалант номнол бүтээлийн сүм”-ийг байгуулж эхэлсэн түүхтэй. Улмаар энэхүү хүрээ хийд нь Өндөр гэгээний 52 нас сүүдэр тохиосон 1686 онд бүрэн баригдаж дуусчээ. Тиймээс уг хийд нь өндөр гэгээний 30 гаруй жилийн хөдөлмөр ур ухаан шингэсэн их бүтээн байгуулалт байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Гэвч ашиглалтад орсноос хойш төд удалгүй 1689 онд Халх Ойрадын үймээний үеэр Галдан бошигт хаан цэрэглэн ирж Рэво Гэжай Ганданшадүвлин буюу Сарьдагийн хийдийг бүхэлд нь сүйтгэсэн ажээ.