Монгол улсын Шинжлэх Ухааны Академи, ХБНГУ-ын Халлегийн Мартин Лютерийн их сургуультай хамтран ажиллах гэрээг өнөөдөр буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр үзэглэлээ. Хоёр тал шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны судалгааны төлөвлөлт ба гүйцэтгэл, багш болон эрдэм шинжилгээний ажилтны солилцоо, шинжлэх ухааны ном, сэтгүүл солилцоо, оюутан солилцоо, шинжлэх ухааны чиглэлээр хурал, өдөрлөг хамтран зохион байгуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.
Энэ үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин “Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буй түүхэн онд бид хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж байгаад туйлын их баяртай байгаа”-гаа илэрхийлсэн юм.
Хоёр улсын хооронд шинжлэх ухааны салбарт Германы академийн солилцооны албатай 1991 онд, Германы судалгааны нийгэмлэгтэй 1999 онд хамтын ажиллагааны хэлэлцээр, Макс-Планкийн нийгэмлэгтэй 2006 онд хамтын ажиллагааны санамж бичгийг тус тус байгуулан эрдэмтэд солилцох, Германд докторын сургалтад хамруулах, докторын дараах судалгааны ажил хийх, хамтын төсөл хэрэгжүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй ажиллаж ирсэн түүхтэй.
Хамтын ажиллагааны хүрээнд Бонн дахь Германы Археологийн хүрээлэнгийн ерөнхий ба харьцуулсан археологийн комисстой хамтарсан Хархорин экспедици, Германы Археологийн хүрээлэнтэй хамтарсан Орхоны дээд урсгалын хөндий дэх Уйгурын нийслэл хот Хар балгас болон хожуу үеийн нүүдэлчдийн бусад дурсгалт газруудад археологи ба түүхийн хамтарсан судалгаа хийх зорилготой хамтын судалгааны ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн ХБНГУ-ын Хельмхолцын хүрээлэн буй орчны судалгааны төв (UFZ)-ийн эрдэмтэн, судлаачид 2006 оноос эхлэн “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент: Загвар бүс нутаг Монгол-МоМо I болон II” төслүүдийг хэрэгжүүлж уг төслийн хүрээнд ШУА-ийн Геоэкологи, Газарзүй, Ботаникийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачид урт, богино хугацаагаар хамтран ажилласан юм.