Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ээлжит Их чуулган 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болж, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр академич С. Дэмбэрэл сонгогдлоо.
ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд энэ удаагийн сонгуульд 4 хүн нэр дэвшсэн.
Академич Д.Рэгдэл чуулганд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт, үр дүнгээ танилцууллаа. Түүний мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 92.6 хувьтай хэрэгжсэн гэж үнэлжээ.
Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчөөр сонгогдсон, академич С.Дэмбэрэлийн талаар товч танилцуулья.
Тэрээр 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургууль, 1983 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр тус тус дүүргэсэн. 2004-2006 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр суралцаж төгссөн. 2003 онд Оросын Шинжлэх Ухааны Академийн тооцоолон бодох төвд “Мал аж ахуй ба хээрийн экосистемийн харилцан үйлчлэлийн математик загвар” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг, 2017 онд Эрхүүгийн Үндэсний шинжлэх ухаан технологийн их сургуульд “Монгол орны газар хөдлөлт ба чулуулаг мандал дахь хүчдэл хуримтлал болон хэв гажилтын төлөв байдал” сэдвээр геологи-минералогийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. 2018 онд Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон. 1983-1989 онд ШУА-ийн Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2015 онд ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвд орлогч дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлаар тус тус ажилласан. 2015 оноос Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлаар томилогдон ажиллаж байна. Академич С.Дэмбэрэл нь 2019 онд “Алтан гадас” одон, 2024 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнагджээ.