Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн "Хүндэтгэлийн их чуулган" өнөөдөр /2021.11.18/ академийн өөрийн байранд боллоо.
Чуулганыг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нээж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар удирдан явууллаа.
Ойн баярын хүндэтгэлийн их чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр хүрэлцэн ирж, баярын мэндчилгээ дэвшүүлж, Үндсэн хуулийн анхны эх хувийг ШУА-ийн ерөнхийлөгчид гардууллаа. Харин салбарын сайд Л.Энх-Амгалан гадаадад томилолтоор яваа тул цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.
Чуулганд ШУА-ийн 63 академичаас 61 нь биечлэн оролцож байгаа бол салбарын 500 гаруй эрдэмтэн судлаач зайнаас оролцлоо.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нээж хэлсэн үгэндээ
"БНМАУ-д орчин цагийн шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрхэм зорилгын дор АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 108 дугаар зарлигаар байгуулагдсан Монгол Улсын ШУА мэдлэг, технологи бүтээх, нийгмийг соён гэгээрүүлэх их аянд гарсан анхны жарнаа үдэж, удаах жарнаа угтах торгон мөч дээр ёслол хүндэтгэлийн Их чуулганаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Энэхүү
Их чуулганд маань морилон ирсэн УИХ-ын дарга эрхэм нөхөр Гомбожавын Занданшатар
Танд МУШУА-ийн бүх гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж,
парламентын сонгодог тогтолцоотой, хууль засагладаг Монгол Улсаа цогцлоох их
үйлсэд тань ялалт, амжилт хүсэн ерөөе.
Мөн миний
урилгыг хүлээн авч, хүндэтгэлийн чуулганд морилон саатаж байгаа эрхэм хүндэт зочдодоо
талархал илэрхийлж, сайхан Монгол эх орноо хөгжүүлэхийн төлөө хичээнэ зүтгэж буй Та бүхний маань ажил үйлс
амжилт бүтээлээр дүүрэн байж, цаг ямагт
дэлгэрэн хөгжиийн ерөөл дэвшүүлье.
Бид энэхүү
хүндэтгэлийн Их чуулганаа энэ оны 5 дугаар сард хуралдуулахаар төлөвлөсөн
боловч ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамаарч удаа дараа хойшилсоор Монгол Улсын Засгийн
газар, УОК-оос 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс битүү орчин дахь аливаа арга
хэмжээг 50 хүртэл хувийн дүүргэлттэйгээр явуулахыг зөвшөөрснийг үндэслэн
өнөөдөр нээж байна. Уг цар тахлын 4 дэх давлагаанаас шалтгаалан дэлхийн олон
оронд хориг арга хэмжээгээ чангаруулж байгаа энэ үед манай улс иргэдийнхээ эрүүл мэндийг нь бүхий л талаар хамгаалж, дэлхийд үлгэр жишээ болохуйц түвшинд
вакцинжуулан,эдийн засаг, нийгмийн амьдралыг хэвийн горимд шилжүүлэх талаар шуурхай, цогц арга хэмжээ авч
байгаа МУЗГ-т хүндэтгэлийн Их чуулганы индрээс талархал илэрхийлэх нь зүй ёсны
хэрэг гэж би үзэж байна. Эдгээр цогц арга хэмжээний хүчинд бид өнөөдөр 60
жилийн ойн хүндэтгэлийн Их чуулганаа хуралдуулах боломжтой болоод байгаагаа ч бас
онцлон тэмдэглэе.
Өнөөдрийн Их чуулганд энэ танхимд хуран цугласан хүндэт зочид, академич нараас гадна 500 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, манай салбарын ажиллагсад зайнаас шууд оролцож байгааг Та бүхэндээ дуулгахад таатай байна. Түүхт ойгоо угтсан олон талт арга хэмжээний явцад хийгээд энэ удаагийн хүндэтгэлийн Их чуулганаараа бид, хамтдаа туулж өнгөөрсөн 60 жилийн түүх, ололт амжилт, туршлага, сургамжийг нэгэнтээ эргэн харж, угтах жарны эхний он жилүүдийн зорилго, зорилтоо тоймлон тодорхойлж авна гэдэгт миний бие найдаж байна" гэлээ.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС ТЕХНОЛОГИЙН 4-Р ХУВЬСГАЛЫН ГАДНА ҮЛДЭХ ЁСГҮЙ
-Бидний амьдран буй энэ цаг үеийн ирээдүй цахимд суурилах нь тодорхой болж, цахим ирээдүйн төв нь олон хэмжээст метаверс ертөнц болж байна. Иймд Монголчууд энэ ертөнцийн зөвхөн хэрэглэгч байх бус бүтээгч нь байх ёстой. Тиймээс Инновац, цахим хөгжлийн чөлөөт бүс байгуулж, тус бүсэд өндөр технологийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ зорилгоор Буянт-Ухааг Оюут-Ухаа болгох боломжтой гэж үзэж байгаа юм. Оюут-Ухаагаа Монголын Цахиурын хөндий болгох ажилд ШУА, эрдэмтэн судлаачид манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ санаачилгыг маань эрдэмтэн судлаачид та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн шилдэг компаниудад ажиллаж буй тэргүүлэх мэргэжилтнүүд цахимаар, зайнаас Монголдоо мэдлэг түгээх боломж бүрдэнэ. Уг тусгай бүсэд Фэйсбүүк, Гүүгл, Амазон гэх мэт дэлхийн тэргүүлэх компаниудын Төв Азийн хаабыг байгуулж хамтарч ажиллах боломж ч бий болох юм. Дэлхийн улс орнууд инновац, их өгөгдөл, юмсын интернэтээс эхлэн хиймэл оюун ухаан хүртэлх технологийн 4-р хувьсгалын давалгаанд татагдан орж байна. Монгол орон энэ хувьсгалын гадна үлдэх ёсгүй. Тийм боломж ч байхгүй. Манай ШУА энэ хувьсгалын оролцогч нь байж, үр дүнг ашиглах зорилгоор бүтэцдээ Математик, тоон технологийн хүрээлэнг байгуулсанд талархал илэрхийлье. Төр, засгийн бүх шатны байгууллагууд тооцоо судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, шийдвэр гаргадаг байхад УИХ онцгойлон анхаарч байна. Энэ үйл ажиллагаанд ШУА, эрдэмтэн судлаачид маань санаачилгатай, идэвхтэй оролцож, манлайлан ажиллахыг уриалъя" гэв.
ШУА-ийн талаар ТОВЧ МЭДЭЭ:
Монголчуудын 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараахан улс орныхоо эдийн засаг, нийгмийг дэлхийн орчин үеийн хөгжлийн чиг хандлагын дагуу өөрчлөн хөгжүүлэхэд чиглэсэн анхны арга хэмжээний нэг нь Ардын засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн тогтоолоор төрийн яамны эрх хэмжээ бүхий Судар бичгийн (Номын) хүрээлэнг байгуулсан явдал байлаа.
Хүрээлэнгийн анхны захирал Онходын Жамъян гүн "... Судар бичгийн хүрээлэн байн байсаар хөгжин дэлгэрч, ухаан бүгдийг бүртгэсэн ба уран сайхны ажлыг хуран цогцолсон Академи болж чадах буй заа" хэмээн шинэ байгууллагынхаа ирээдүйг тодорхойлсон нь өнөөдөр бодитой ажил хэрэг болж, ШУА-д төвлөсөн, олон улсын жишигт нийцсэн шинжлэх ухаан, технологийн бүхэл бүтэн тогтолцоо бий болон хөгжиж байна.
1961 онд 5 хүрээлэн, 4 музей, Улсын номын сан гэсэн цомхон бүтэцтэй, 178 эрдэм шинжилгээний ажилтантай байгуулагдсан Монгол Улсын ШУА өргөжин тэлсээр 1990-ээд он гэхэд Монгол Улсад шинжлэх ухааны олон салбарын 100 орчим хүрээлэн, төвүүд, 6000 гаруй ажилтан бүхий улсынхаа шинжлэх ухааны тогтолцооны төв байгууллага болоод байв.
1990-ээд оноос хойших 30 жилд төр, засгийн бодлого шинжлэх ухаан, технологийн салбарыг нийгмийн тогтолцооны өөрчлөлтөд нийцүүлж шинэчлэхэд чиглэгдэж ирсэн юм.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи нь 2021 оны байдлаар 16 хүрээлэн, зургаан салбарын чуулган, хоёр харьяа бүтцийн академи, 900 эрдэм шинжилгээний ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Өдгөө ШУА-ийн эрдэмтэн судлаачид түүхт ойн хүрээнд Монгол Улсад дэлхийн жишигт нийцсэн шинжлэх ухаан, технологийн олон салбар бүхий үндэсний шинэ тогтолцоо бүрэлдэн хөгжсөний бодит баримт нотолгоо болсон “Монгол Улсын Шинжлэх ухааны түүх” таван боть бүтээлийг туурвин, уншигч түмэндээ өргөн бариад байна.