Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, технологи, инновацын ололтыг ашиглана
Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, технологи, инновацын ололтыг ашиглана

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, технологи, инновацын ололтыг ашиглаж хамтын ажиллагааг дээшлүүлэх” сэдэвт өдөрлөг  2022 оны 10 дугаар сарын 31, 11дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Өдөрлөгт 23 байгууллагын 60 гаруй хүн оролцож мэдлэг, мэдээллээ хуваалцаж туршлага солилцож, санал бодлоо нэгтгэлээ.  

 Энэхүү өдөрлөг нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд инновац, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургуулиуд туршлага, мэдээлэл солилцож, харилцан хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан юм.

Тус өдөрлөгийн нээлтийн үеэр  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид салшгүй дагалдаж яваа нэг том ачаа  бол байгалийн гамшгийг  даван  туулах, учрах эрсдэлийг хэрхэн  яаж багасгах юм.  Сүүлийн 50 жилд гэхэд л уур амьсгал, цаг уурын шалтгаант гамшигт үзэгдлийн тоо 500 дахин нэмэгдсэн гэж үзэж байна. Харин амиа алдсан хүний тоо бараг 3 дахин буурсан нь хүн төрөлхтөн аюулыг урьдчилан анхааруулах системээ сайжруулсаар ирсний  ач тус юм.  Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурласан техник хөгжүүлэлт, мэдээлэл дамжуулах технологи  ашигласны үр дүн ингэж  гарч байгаа юм. Харамсалтай нь  эдийн засгийн хохирлын хэмжээ жилээс жилд өссөөр байна.

Монгол улсын засгийн газраас сүүлийн жилүүдэд гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах чиглэлд нэлээд анхаарч  эрхзүйн шинэчлэл хийх, салбар дундын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдааг холбоог сайжруулах, иргэдийн оролцоог хангах талаар олон талтай арга хэмжээнүүдийг авсаар байна. Ялангуяа энэ ажилд ШУТ, технологийн ололт инновацыг нэвтрүүлэхэд томоохон ач холбогдол  өгч байгаа явдалд манай эрдэмтэн судлаачид талархалтай хандаж байна. Идэвхтэй оролцох нийгмийн үүрэг  хариуцлага ч бидэнд байна.

Манай эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их сургуулийн судлаач багш нар өөрсдийн судалгааны ажлын хүрээнд байгалийн болон технологийн гаралтай гамшигт үзэгдлийн давтамж учир шалтгаан, цаг хугацаа-орон зайн тархалт, хувьсал, өөрчлөлт, аюулын ерөнхий болоод нарийвчилсан үнэлгээг хийж байна. Эдгээр судалгааны ажлын үр дүнг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хохирлын хэмжээг бууруулах чиглэлийн бодлого, төлөвлөлтөд оновчтой, зорилго, зохион байгуулалттай ажиллах шаардлага байна.

Манай хүрээлэнгүүд, томоохон их сургуулиудын лабораториуд, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хүчин чадлыг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд ашиглах, байгууллага хоорондын үйл ажиллагааны  уялдаа холбоог зохион байгуулалт, санхүүгийн эх үүсвэрээр хангах, эрхзүйн зарим зохицуулалт хийх гээд бидний өмнө хүчин чармайлт, санал зорилгоо нэгтгэн хийх ажил багагүй  байна” хэмээн онцлов.

Мөн энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян хэлэхдээ  ““Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцогч бүх талууд, ялангуяа шинжлэх ухаан судалгааны байгууллага, бизнесийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага улс орны гамшгийг даван туулах чадавхыг бий болгоход ихээхэн оролцоотой” гэж энэ оны 9 дүгээр сард Австрали Улсад зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурлын үеэр онцгойлон яригдсан.  

Иймээс цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр талууд хамтран уялдаа холбоотой ажиллах шаардлага бидний өмнө тулгараад байгаа бөгөөд энэхүү өдөрлөгөөс гарах та бидний санал Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийг даван туулах чадавхыг бий болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэгт бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Өдөрлөгийн хоёр дахь өдөр буюу өнөөдөр  оролцогчид гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг үр дүнтэй ашиглах, шинжлэх ухааны байгууллага их дээд сургуулиуд дээр хийгдэж буй судалгаа туршилтын ажлууд, судалгааны лабораторийн техникийн хүчин чадал, нөөц бололцоог ашиглах боломжийг судлах зорилгоор  ШУА-ийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Тухайлбал, ШУА-иийн Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй геоэкологийн хүрээлэн, Одон орон геофизикийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Технологийн инкубатор зэрэг хүрээлэнгүүдэд зочилж Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ШУ байгууллагуудын оролцоо боломж, судалгаа, лаборатори, техник  хангамжтай танилцаж өргөн хүрээний мэдээлэл авсан юм.

 Өдөрлөгийн төгсгөлд хуралд оролцогчид Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дэргэдэх Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөлийг байгуулах талаар саналаа нэгтгэн  боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. 


Бусад мэдээлэл