Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Т.ГАН-ЭРДЭНЭ: АЖ ҮЙЛДВЭРИЙН 4 ДЭХ ХУВЬСГАЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ Ч БИШ МОНГОЛ УЛСАД МАШ ТОМ СОРИЛТ БОЛНО
Т.ГАН-ЭРДЭНЭ: АЖ ҮЙЛДВЭРИЙН 4 ДЭХ ХУВЬСГАЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ Ч БИШ МОНГОЛ УЛСАД МАШ ТОМ СОРИЛТ БОЛНО


-Зарим талаар шинжлэх ухааны ажилтан бид ч энэ талаар тэр бүр тодорхой ойлголтгүй байна шүү дээ-

Монгол Улс шинжлэх ухаандаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.13 хувийг зарцуулдаг аж. Сүүлийн үед улс орнууд шинжлэх ухааны салбартайгаа дөрөө харшуулж байж их хөгжлийн замдаа ордог болсон энэ цаг үед энэ тоо бол чамлалттай. Гэтэл бид “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-даа мэдлэгт суурилсан эдийн засагтай болж, өндөр хөгжилтэй улс болно гэсэн зорилт тавьсан. Энэ том зорилтдоо хэрхэн хүрэх, Монгол Улсын шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй асуудлын тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Т.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монгол Улс шинжлэх ухааны салбартаа дотоодын нийт бүтээгдэхүүний 0.13 хувийг зарцуулдаг гэх судалгааг хараад сууж байлаа. Монгол төр ер нь шинжлэх ухааны салбартаа, эрдэмтдээ хэр зэрэг анхаардаг гэж боддог вэ?

-Санхүүжилт гэдэг бол шинжлэх ухааны салбарын гол түлхүүр асуудал юм. Бид олон ч жил ярилаа даа. Санхүүжилтийн ихэсгэх гэж гуйж, гувшиж, ухуулж таниулж, хөөцөлдөж  явсан олон хүний нэг нь би. Би Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын албыг 2009-2012 оны хооронд хашиж байсан энэ үеэс эхтэй. Ер нь Монгол Улсын тухайд шинжлэх ухааны салбартаа 30 гаруй тэрбумыг зарцуулдаг юм шүү дээ. Үүний 20 орчим тэрбум нь цалин, нийгмийн даатгалын шимтгэлд явчихдаг юм. Энэ нь улсын хэмжээнд 1500 гаруй тоотой байдаг эрдэм шинжилгээний ажилтны цалин. Ингээд 10 орчим тэрбум төгрөг үлддэг юм. Жил бүр суурь судалгаа, захиалгат, инновац, цөм технологи, тэргүүлэх чиглэл, залуу судлаач, залуу докторын зэрэг шинжлэх ухаан, технологийн 500 орчим төсөлд 10 тэрбумаа хуваарилдаг. Гэхдээ төслийн тоо жил болгон харилцан адилгүй. Ихдээ их, багадаа бага байдаг ч 500 орчимд хэлбэлздэг.

-Үлдээд байгаа 10 тэрбум төгрөгөө нэг сайн төсөлд зарцуул­чих гэсэн санаачилгууд явж байсан. Энэ тухай...?

-Ийм санал санаачилга гарч байсан л даа. Шинжлэх ухааны судалгааны ажил гэдэг бол тэр чигээрээ эрсдэл юм шүү дээ. 1500 ажилтнаа халчхаад 20 хүн үлдээгээд нэг том судалгаан дээр төвлөрч ажиллая гэж бодъё л доо. Судалгааны үр дүн гарахгүй бол яах вэ, хэн хариуцах юм. Ингэж шинжлэх ухаанаа хөгжүүлсэн түүх ч байхгүй. Ийм учраас бид судалгааны бааз сууриа нэмэгдүүлэх, өргөжүүлэх ёстой. Гадаад хамтын ажиллагааг ч өргөжүүлж тэднээс суралцах ёстой юм. Жишээлбэл саяхан болж өнгөрсөн Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Төв болон Дорнод Сибирийн орон зайг зөв зохистой ашиглах талаар шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл гаргах үүргийг ОХУ-ын Шинжлэх ухааны академид өгчихлөө.

-Гэтэл дэлхийн бусад улсууд шинжлэх ухаандаа анхаараад, хамт хөгжөөд байдаг...?

-Дэлхийн бусад улстай харьцуулахад энэ санхүүжилт бол маш бага л даа.. Европын холбоо гэхэд л гишүүн орнууддаа дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувийг зарцуулах шаардлага тавиад байна. Ойрын жишээ дурдахад манай хоёр хөрш л гэхэд хоёр хувийг аль хэдий нь давчхаад байна. Дээрх улсуудын зах зээл том болохоор дотоодын нийт бүтээгдэхүүн нь том, хоёр хувиар яригдаж байгаа мөнгөний хэмжээ ч тэр хэрээр том. Яг одоогийн байдлаар дэлхийн улс гүрнүүдээс АНУ мөнгөн дүнгээрээ хамгийн их хөрөнгө зарцуулж байгаа улс. Энэ нь бараг 510 гаруй тэрбум доллар юм билээ. БНХАУ сүүлийн үед шинжлэх ухаандаа ихээхэн анхаарч байгаа бөгөөд шинжлэх ухааны санхүүжилт нь  450 гаруй тэрбум доллар болоод байна. Энэ бүгдийг хараад судлаад үзэхэд шинжлэх ухаанд анхаарал тавьж, шинжлэх ухааныхаа ололт амжилтад суурилж байгаа  улс орнууд хөгжөөд байна.

Манай үе, үеийн Засгийн газар шинжлэх ухааны салбарт анхаарч, зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүл­нэ гэж амалдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2016 оны сонгуульд ялсан МАН-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрт ч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч шинжлэх ухааны салбарт зарцуулах зардлыг тав дахин нэмэгдүүлнэ гэж орсон. Одоо харахад мөрийн хөтөлбөр анхлан боловсруулахад шинжлэх ухааны салбарыг бага зэрэг ойлгодог, гадарладаг хүн хийж дээ гэж хардаг, баярладаг. Гэхдээ одоохондоо ингэж нэмж чадахгүй байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан, бонд, зээлийн мөнгөө төлөх хугацаа нь тулчихсан зэрэг олон асуудал засгийн газрын өмнө тулгарчхаад байгаа учраас энэ бол худлаа болох талдаа байх шиг байна. Эрдэм шинжилгээний зардлаас гадна манай эрдэмтэн, судлаачдын цалин бол маш бага. Ялангуяа дөнгөж амьдрал дээр гарч ирсэн, амьдрал зохиож байгаа залууст бол 600 мянган төгрөгийн цалин бол маш бага цалин. Гэхдээ манай залуу судлаачид өөрсдөө судалгааны ажилдаа дур сонирхолтой учраас ажлаа сайн хийж гүйцэтгэж байгаа.  Миний ойролцоо тооцоогоор бид их, дээд сургуулийн багш нараас гурав дахин бага цалин авдаг.

 -Монгол төрийн ой санамжид шинжлэх ухааны салбарыг оруула­хын тулд ойрын хугацаанд бодитой ямар ажил хийвэл болох вэ?

-Монголын төрийн бодлого тодор­хойлж байгаа хүмүүст шинж­лэх ухааныг тайлбарлан таниулмаар байгаа юм. Ний нуугүй хэлэхэд дийлэнх нь сонирхохгүй мөн ойлгохгүй байна. Одоогийн улс төрийн нөхцөл байдал энэ хүмүүст ойлгох бололцоог ч гаргаж өгөхгүй байна. Ер нь өнөөдрийн улс төрийн тогтворгүй ороо бусгаа байдал энэ хүмүүсийг өөрсдийн ажлыг нь тууштай хийлгэхгүй байна. 2016 онд МАН ялж, Засгийн газраа байгуулснаас хойш манай салбар яамны сайд гэхэд л дөрвөн ч удаа солигдчихоод байна шүү дээ. Хаа сайгүй тогтвортой байдал хэрэгтэй байна.  Энэ тогтвортой байдал шинжлэх ухааны салбарт ус агаар мэт хэрэгтэй байна. Ганцхан жишээ хэлэхэд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Америк эрдэмтэн физикчдийг конгресстой хэрхэн харьцах тухай  мөн конгресст байдаг физикч улс төрчийн тоог нэмэгдүүлэх семинарыг шагналынхаа мөнгөөр зохион байгуулж байсан удаатай. Түүнээс энэ семинарынх нь дараа яагаад физикчдийг улс төржүүлээд байгаа юм бэ гэж асуухад нь “Конгресст физикийн салбарыг ойлгодог хүмүүсийн тоо бага байгаа учраас ойлгуулах гэж энэ семинарыг зарласан юм” гэж хариулж байсан гэдэг. Бид бодлогоор энэ мэтийн зүйл хиймээр байгаа юм. Залуу сайхан эрдэмтдийг аливаа улс төрийн хүчин сонгуульд нэр дэвшүүлдэг баймаар байна. Одоогоор эрдмийн зэрэг, цолтой гишүүд хэд, хэд бий л дээ. 

-Одоогоос дөрвөн жилийн өмнө ШУА-ийн бүтцэд өөрчлөлт оруулж, салбар хүрээлэнгүүдийг их сургуулиудад нэгтгэх тухай Засгийн газрын тогтоол гарч байлаа. Салбар тогтворгүй, гишүүд ойлгодоггүйн ганц жишээ нь энэ юм биш үү?

-2015 оны нэгдүгээр сард Засгийн газрын 27 дугаар тогтоол гэх айхтар тогтоол гарч байлаа. Эрдэм шинжилгээний бие даасан байгууллага хэрэггүй бүгдийг их сургуулиудтай нийлүүлнэ гэх ерөнхий агуулгатай байсан л даа. Энэ хоёр салбар Монгол Улсад одоогоор аль, аль нь батжиж бэхжээгүй байна. Шинжлэх ухааны салбар ч тэр, их, дээд сургуулиуд ч тэр. Сайн батжиж бэхжээгүй  хоёр салбарыг нийлүүлэх нь буруу. Монгол Улсын орчин цагийн шинжлэх ухаан, дээд боловсролын салбар бол хуучин зөвлөлтийн системээр хөгжиж ирсэн. Өнөөдөр их сургуулиуд судалгаа хийдэг ч гэсэн сургалт дээрээ голлон төвлөрч анхаарсан байдал хэвээрээ байна. Нөгөө талдаа Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд дээр оюутнууд дадлага хийж, магистр, докторантууд ирж ажилладаг ч сургалтын үйл ажилдаа бага, судалгааны ажил дээрээ их анхаардаг хэвээрээ байна. Гэхдээ энэ хоёр салбар нийгмийн шинэ нөхцөл байдалд дасан зохицохын хэрээр өөр хоорондоо хамтран ажиллах арга эвээ олсоор байгааг энд зориуд хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Зарим хүн бүтцийн өөрчлөлт хийж, шинжлэх ухааны салбарыг өөрчилсөн гэдэг нэр авах гэж л энэ том салбарыг бужигнуулсан байхаа. Мөн түүнчлэн тухайн үед зарим нэг төрийн түшээ салбарт цомхотгол хийж, бүтцийг нь өөрчилж хөрөнгө хэмнэнэ ч гэсэн муйхар бодолтой байсныг үгүйсгэхгүй. Ер нь шинжлэх ухааныг бидний өнөөдрийн ярьдаг “хийдэг” бүтцийн өөрчлөлт гэдэг юм хийж хөгжүүлдэггүй юм билээ шүү.

-Их сургуулиуд муу болохоор нийлүүлж болохгүй гээд байна уу?

-Их сургуулиуд муудаа биш л дээ. Би хэлсэн шүү дээ. Аль, аль салбар нь хөлөө олоогүй байна аа гэж. Судалгааны их сургуулиуд бий болоход цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тэднийгээ судалгааны их сургууль болох гээд ядаж байхад нь хүрээлэнгүүдийн бужигнасан олон эрдэмтдийг нийлүүлчихвэл юу ч үгүй болно биз дээ. Энэ асуудлыг их сургуулийнхан ч гэсэн ойлгож байсан шүү. Бид чинь нэг зорилготой мөн хэл амаа амархан ололцдог улс учраас энэ бол дэмий юм гэдгийг тэд мэднэ шүү дээ. Тэгээд санхүүжилт хэмнэнэ гэсэн олиггүй санаа цаана нь байгааг гадарласан хүмүүс бүүр ч их дургүйцсэн. Монгол Улсын хэмжээнд эрдэм шинжилгээний 24 хүрээлэн байдаг юм. ШУА-д 10 нь, үлдсэн нь их сургуулиуд, яаманд байдаг юм. Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэд дөрвөн том судалгааны хүрээлэн байдаг. Одоо ч гэсэн Хөдөө аж ахуйн их сургуулийн эдгээр том хүрээлэнг их сургуулиас нь салгах гэсэн оролдлого явж байна гэсэн “золбин” яриа сонссон. Тэртээ тэргүй нэлээд хэдэн жил хамтдаа хөгжөөд хөл гараа олоод ирчихсэн органик холбоотой болчихсон зүйлийг салгах гээд хэрэггүй юм шүү дээ. Тэр тогтоолоор бүтэц нийлүүлж, салгах “ажилд” өртсөн салбарын нэг жишээ нь  Геологи, палеонтологийн хүрээлэн. Энэ хоёр салбар хоёулаа газар ухдаг нь үнэн л дээ. Гэхдээ нэг нь ашигт малтмал, нөгөө нь эрт цагийн, амьтан ургамал судалдаг салбар шүү дээ. Одоо бид ийм механик нийлүүлэлт гай болсон уу л гэхээс, гавьяа болохгүйг харж байна. 

-Та сая хэллээ л дээ. Чадвартай эрдэмтэд нь гадаад явлаа гэж. Гайгүйхэн шиг чадвартай нэг нь хувийн компани, олон улсын байгууллагад дотооддоо өндөр цалин аваад байж байна. Тэгэхээр ШУА-д хэн үлдсэн юм бэ гэдэг асуулт гарах гээд байна...?

-Энд судалгааны ажилдаа дуртай, дурласан хүмүүс л үлдэж байна. Ийм юм хийнэ, энэ ажил маань шинжлэх ухааны энэ салбартаа ингэж үнэлүүлнэ гээд зорилго тавиад зүтгэж ажиллаж байгаа олон эрдэмтэд бий шүү. Манай эрдэмтэд цөмөөрөө л мөнгө хөөгөөд амьдралаа бодоод явчхаагүй. Гадаад гарсан эрдэмтдээс эргэж ирье ч гэсэн олон эрдэмтэд бий. Харамсалтай нь  бид эндээ тэднийхээ ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж чадахгүй байна л даа. Манай урд хөрш БНХАУ гэхэд “1000 авьяастан” гэсэн том хөтөлбөр хэрэгжүүлээд гадаадад ажиллаж байгаа эрдэмтдээ эргэн ирэхэд ажиллах, амьдрах бүх боломжийг нь бүрдүүлээд хүлээж авч байна. Эрдэмтдийнхээ гадаадад ямар цалин авдаг, ямар нөхцөлд ажилладаг тэр нөхцөл бололцоог бүрэн бүрдүүлээд ажиллуулдаг. Ингэж шинэ технологи, шинэ үйлчилгээг бий болгож байна.

-Монгол Улс бүс нутагтаа эрдэм шинжилгээ судалгааны ажлын цар хүрээгээрээ дээгүүрт ордог юм байна лээ...?

-Монгол Улс өмнөх нийгэмд хаалттай, системийнхээ хэдэн оронд л нээлттэй байлаа шүү дээ. Нийгэм нээлттэй болсноос хойш Монгол эрдэмтэн судлаачдыг дэлхий үнэлэх болсон. Гадаад, дотоодод эрдмийн ажлаараа үнэлэгдээд явж байгаа олон эрдэмтэн бий. Бид бүгдийг нь бүртгэж ч дийлэхгүй байна. Тэр бүртэй холбоо барьж чадахгүй байна. Энэ нь орон зай, цаг хугацаа, хүний амьдралын хэв маяг зэрэг олон асуудлаас болдог биз ээ. Гадаадад гарсан эрдэмтэд орчин нөхцөлдөө дасаад, энд харьцаатай байсан эрдэмтэд нь тэтгэвэртээ гарчихаар холбоо сүлбээ нь ч тасардаг асуудал байх  шиг байна. Гэхдээ манай салбар яамнаас эрдэмтдийн нэгдсэн бүртгэл хийх ажлыг Төрийн нарийн бичгийн дарга нь эхлүүлээд байгаа. Ингэж яам анхаарч байхад тэднийгээ бүртгээд  холбоо тогтоогоод байнга харьцаатай болохыг зорьсон энэ ажил бүтэмжтэй болох байх гэж найдаж байна. Уг нь энэ бол асар том хүч юм шүү дээ.

-Гайгүй сайн байгаа судалгааны ажлыг улам хүчтэй болгох. Судалгааны ажлын үр дүнг нэг шат ахиулахад юу хийх хэрэгтэй вэ?

-Эрдэм шинжилгээний бай­гуул­лага, эрдэмтдийн тоог нь нэмэх хэрэгтэй. Ур чадварыг нь нэмэгдүүлэх ёстой. Эрдэм шинжил­гээний байгууллагуудыг бодлогоор байгуулмаар байна.  Жишээлбэл Монгол Улсын зүүн, баруун бүсэд эрдэм шинжилгээний хүрээлэн гарцаагүй байх шаардлага амьдралаас урган гарч байна. Одоо шийдэж чадахгүй байгаа, шинжлэх ухаанчаар хандвал шийдэгдэх боломжтой олон асуудал баруун болон зүүн аймгуудад бий. Их сургуулиудыг улам чадавхжуулах, судалгааны их сургуулиудыг бодлогоор дэмжих шаардлагатай байна.

-Нөгөө талаас нь харвал хоёр том хөрш маань бүс нутгийн томоохон санаачилга гаргачихлаа. Монгол Улс үүнтэй хамтраад хөгжвөл шинжлэх ухааны салбар ч хөгжих юм биш үү?

-Тийм. Бүс нутаг төдийгүй олон улсын интеграцид нэгдэх л хэрэгтэй. Дэлхийчлэгдэж байгаа орчин үед нэг улс дангаараа хөгжих аргагүй болчихлоо шүү дээ. Зарим хүмүүс айж магадгүй л дээ. Гэхдээ бид гадаад орнуудтай хамтран ажиллахаас өөр арга байхгүй.

-Эрдэм шинжилгээний ажлын үр дүн, ололт амжилт амьдралд нэвтрэхгүй,  зөвхөн цаасан дээрээ л үлдэж байгааг таны хэлснээр эрдэм шинжилгээний ажилтан цөөхөн байгаатай холбон ойлгож болох уу?

-Болно. Бодит байдал нь л энэ. Хэрэглээний шинжлэх ухааны салбарт хийдэг судалгааны ажлын “жин”,  хүрээлэнгүүдийн тоог нэмэх хэрэгтэй. Шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлдэг газар бол шинжлэх ухааны парк. Ийм зорилгоор салбар яам дэргэдээ Шинжлэх ухааны паркийн захиргаа гэдэг  байгуулага байгуулсан. Энэ байгууллагыг одоо тууштай, эрчимтэй ажиллуулах хэрэгтэй болоод байна. Гадаад хамтын ажиллагаа ч парк байгуулахад чухал. Хятад улсаар жишээлэхэд л БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам шинжлэх ухааны паркуудаа бүгдийг нь хариуцдаг “Галт бамбар” гэдэг  байгууллагатай. Энэ байгууллагад БНХАУ-д томоохонд тооцогдох, улсын хэмжээний  100 гаруй паркууд энд харьяалагддаг. Хятаддаа олон арван шинжлэх ухааны парк байгуулсан энэ “Галт бамбар” байгууллагатай хамтран ажиллахад бидний байгуулсан Шинжлэх ухааны паркийн захиргаа зэрэг зиндааны хувьд тохирно. Шинжлэх ухааны парк байгуулахад хөрөнгө мөнгөнөөс гадна газар хэрэгтэй. Газрыг нь Төв аймгийн засаг захиргаатай яриад Хөшигийн хөндийд авахаар тохирсон. Аймгийн удирдлага бидний саналыг сайхан хүлээн авсан.

-Гарааны компаниуд шинжлэх ухааны салбарт хэдий хэр байдаг юм бэ?

-Одоогоор 30 гаруй гарааны компани улсын хэмжээнд байгуулагд­санаас манай хүрээлэнд гурван компани бий. Шинжлэх ухааны парк болон тэнд ажиллах гарааны компани байгуулж байгаа нь эрдэмтдийнхээ бий болгосон оюуны бүтээлийг бизнес болгож дэмжих гэсэн санаа юм шүү дээ. Нөгөө талаар энд бас гадаадын өндөр технологийг Монголдоо нутагшуулах асуудлыг яриад байгаа юм. Үүнийг манайхан шууд авчраад хэрэгжүүлж болно гэж их хялбархан ойлгоод байх шиг байна. Нутагшуулах гэдэг чинь тийм амар ажил биш юм билээ.

-Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьс­­гал гэж дэлхий даяар ярих бол­­лоо. Дэлхийн эдийн засгийн чуулган ч албан ёсоор тодорхойлсон. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал Монголын шинжлэх ухаанд, академид ямар сорилт авчрах вэ?

-Зөвхөн шинжлэх ухаан ч биш Монгол Улсад асар том сорилт авчирна. 2025 он гэхэд хүний оролцоо­той ажил мэргэжлийн тодорхой хувь нь байхгүй болно гэсэн судалгаа хүртэл байна. Шинжлэх ухааны академи өнгөрсөн жил аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын талаар эрдэм шинжилгээний бага хурал эндээ хийж, чуулганаа ордонд хийсэн. Энэ сарын сүүлээр өнгөрсөн жилийн хурлын үргэлжлэл болгоод 3D принтингийн талаар хэлэлцүүлэг хийх гэж байна. Принтингийн талаар олон залуу эрдэмтэд ойрын үед үр дүн гаргахуйц судалгааны ажил хийж эхлээд байгаа юм билээ. Ердөө 20 хүрэхгүй жилийн өмнө банкны үйлчилгээг гар утсаараа авна гэж зүүдлээгүй байлаа шүү дээ. Гэтэл одоо банкны үйлчилгээ бүү өөр олон зүйлийг гар утсаар хийж байна. Энэ маань одоохондоо зөвхөн хэлэлцүүлэг л дээ. Гэхдээ олон нийтэд мэдлэг, мэдээлэл хүргэх ёстой гэдэг үүднээсээ үүнийг хийж байгаа юм. Зарим талаар шинжлэх ухааны ажилтан бид ч энэ талаар тэр бүр тодорхой ойлголтгүй байна шүү дээ.

-Сүүлийн асуулт. ШУА-ийг үг авдаггүй хэдэн хөгшчүүдийн орогнох газар болчихлоо гэж олон ч жил шүүмжиллээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ бол ингэж ярьж байгаа хүмүүсийн л харах өнцөг. Академийн гишүүдийн тоо 70 байдаг юм. Энэ бол улсаас тогтоож өгсөн хатуу тоо. Өндөр шалгуураар шүүгдэж байж гарч ирдэг. Хүссэн хүн бүр академийн жинхэнэ гишүүн болдоггүй. Энэ шалгуурт тэнцээгүй, хасагдчихсан хүмүүс л энэ яриаг голчлон гаргадаг бололтой юм билээ. Ямар ч сонгууль, тэмцээн уралдаанд ялагдвал ийм яриа гаргадаг болж л дээ. Ер нь шинжлэх ухааны академи харьцангуй өндөр шалгууртай байгууллага. Их сургуулиудад ч гэсэн тэр, хүссэн хүн болгон профессор болдоггүй биз дээ. Гэхдээ ШУА гэдэг бол харьцангуй нээлттэй байгууллага шүү дээ. Тэнд  ороод ажиллаж байгаа, мөн хамтран ажиллаж байгаа хүмүүс ч мэдэх байхаа. Сайн ажиллаж байгаа, чадвартай хүмүүс амжилттай ажиллаад байж болдог л газар. ШУА-д  настай хүмүүс байдаг уу гэвэл байдаг. Академичдын дунд 90 гарсан настай хүн ч байгаа бөгөөд энэ хүн эрдэм шинжилгээний ажлаа одоо ч гэсэн хийсээр л байгаа. Ер нь академич гэдэг бол хэргэм юм.

Эх сурвалж: Өглөөний сонин


Бусад мэдээлэл