Монгол улс, ОХУ-ын эрдэм шинжилгээний хамтарсан төслийн хүрээнд бүтээгдсэн “Монгол үсэг бичгийн дээж” номын нээлт өнөөдөр буюу 6 дугаар сарын 30-ны өдөр ШУА дээр нээлтээ хийлээ.
Тус номыг Монголын талаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын тасгийн ажилтан Р.Отгонбаатар, Оросын талаас Москвагийн дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хүмүүнлэгийн их сургуулийн багш А.Д.Цендина нарын хамтран бичсэн юм.
Шинэ бүтээлийг танилцуулах үйл ажиллагааг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд нар үг хэлэв. Нээлтэд академич Д.Төмөртогоо, академич Д.Цэрэнсодном, доктор Ц.Өнөрбаян, Чехийн Монгол судлаач И.Шима, Оросын Монгол судлаач Е.И.Лиштованный зэрэг зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон байна.
“Монгол үсэг бичгийн дээж” ном нь 6 бүлэгтэй бөгөөд үлэмжхэн ховор эх хэрэглэгдэхүүн ашиглан монгол, орос хэлээр хэвлэгдэн гарчээ. Уг номыг монгол хэл бичгийн гарамгай судлагч академич Ц.Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан бөгөөд түүний дэг сургууль уламжилсаар байгаагийн тодорхой баримт юм. Уг ном “Монгол үсэг бичгийн дээж” нэртэй боловч Монгол улсын нутагт сүүлийн хэдэн зуун жилийн турш ноёлог хэрэглэж байсан төвд хэл бичиг, түүнийг сурч байсан монголчуудын өв ухааны дээж, түүнчлэн самгарьд, төвд хэлийг галиглах ёс, түүгээр ном судар бичиж байсан жишээ төдийгүй манж хятад үг үсэг бичгийг буулгах ёс болон тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин үсэг зэрэг олон зүйл үсэг хэрэглэсний зарим дурсгал, тэдгээр хэл бичиг, бүр орос хэлийг ч сурч байсан сонин баримт зохих хэмжээгээр туссан байна. Энэ нь монгол, төвд хэлбичгийн зохих мэдлэгтэй хүмүүс хийхээс өөр аргагүй баримт эх хэрэглэгдэхүүнд түшиглэсэн төвд судлалын чиглэлтэй эх бичгийн судалгааны бүтээл болсон хэмээн зохиогчид онцлож байсан юм.
Номын эхний бүлэгт монгол бичгээ сурч байсан уламжлалт гол гол цагаан толгой хэл зүйн бичгүүдийн талаар багтаасан бол монгол хэл бичгийг монгол бичгээрээ сурахаас гадна төвд хэл бичгийг дамжуулан сурч байсан 8 зүйл бичмэл, дармал сурах бичиг хэлзүйн номууд дэд бүлгийг эзэлжээ.
Гутгаар бүлэгт Төвд үсэг бичиг сурдаг Монголчуудын уламжлалт аргын эх хэрэглэгдэхүүнийг, дөтгээр бүлэгт олон хэл бичгийг тэмдэглэх монгол үсгийн дурсгалуудыг, тавдугаар бүлэг Төвд үсгээр үгчилэн бичиж монгол хэл бичгээ орлуулдаг уламжлал томхон арга байсны зүйл бүрийн сонин жишээг тус тус оруулсан байна. Эцсийн бүлгээс монгол төвд бичгээс өөр үсгээр монгол хэлийг тэмдэглэсэн жишээг харж болох аж. Эдгээр бүлэг тус бүрийн жишээ баримт нь гол төлөв монгол төвд эхийг харгуулсан зохион туурвисан эзэн, нутаг орон, сүм хийд, цаг хугацаа нь тодорхой нэлээд дармал, бичмэл дурсгалууд хийгээд мөн цагийн эрхээр бичиж хэвлэсэн тод биш зарим дурсгалууд ч багтжээ.
Номын нээлтийн үеэр монгол бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Москвагийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хүмүүнлэгийн их сургуулийн багш А.Д.Цендинад ШУА-ийн Дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар, ССАЖЯ-наас Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын тасгийн ажилтан Р.Отгонбаатарыг “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан юм.